Байна уу. Ээж нь байна аа...
2015-06-07

...Санааны зоргоор амар хялбар зам гэж хаа ч байхгүй. Цав цагаан халаадтай сэмбэлзсэн хүүхэн эмнэлгийн хонгилоор алхаж, лабораторийнхоо ширээнд бардам гэгч нь сууж өвдөж зовсон улсад тусалж, хөдөө орон нутгийн хоёр ч эмнэлгийг анх лабораторитой болгож түмэн олондоо тусалж явсан сайхан үе надад бий. Гэтэл 2 жаахан хүүгээ 3-хан сар болоод авна гэж хуруу даруулан тоолуулж үлдээгээд хүний нутагт буудлын шал арчиж, жорлон угааж эхлэхдээ нулимсаа нөгөө муу жорлондоо под под дусааж, нөгөө 2 хүүдээ амалсан 3 сар нь бэтгэрэхийн зовлонд тарчилсан нойтон дэртэй бүхэл бүтэн 6 жил болсон байсныг бодохдоо би “Хүн ер нь зовлонг бол даадаг юм байна даа, харин өдий хэрийн жаргал байсан бол чи даасан бол уу” гэж бодогдож байж билээ.”

 

Энэ бол харьд гарч амьдрал хөөсөн нэгэн бүсгүйн олон нийтийн сүлжээнд ил тавьсан сэтгэгдэл. Сонгууль болохоор төрдөө тоогдоод жирийн үед бор зүрхээрээ зорилго тавин зүтгэж байгаа 100 мянга гаран Монголчуудын нэг нь.

 

Томчууд бид шийдвэр гаргадаг. Сонголтоо хийгээд хил давсан бол араа даах ёстой. Болохгүй бол эргээд ирэх боломж бий. Харин хойно нь өнчрөх нялх үрсэд хэлж чадахгүй ч тээж явдаг бэтгэрэл бий. Эрхэлж гомдоод шууд гаргах нулимс нь нэг аргадахад хатдаг бол бяцхан зүрхэнд нь дусал дуслаар тунарах санахын нулимс хатах нь удаан. Аав ээж нь гэртээ ирж хөл хүрэхгүй хөөр баяр болж, хүзүүгээр нь тэврээд бөх унтах ганц шөнө л хатан ширгэх нулимсыг нь нуур болтол нь хүүхдээ хүлээлгэх томчууд бид даанч муухай амиа боддог шүү.

 

Хүүхдүүд дотогшоогоо уйлдаг ч юм шиг. Бүгд үүнийг хэлдэг мэдэрдэг. Гэхдээ шийдвэрийг гаргахдаа эхлээд өөрсдийгөө дараа нь хүүхдээ гэж дараалал гаргадаг тал бий. Үүнийгээ амьдралын эрхэнд гэж учирладаг. Бие холдоод сэтгэл холдох, “сээксгүй” удахын гачлангаа улсын бодлого болтол нь ярьж асуудал босгох хэрнээ үр хүүхэдтэйгээ байх боломж өг гээд нэг удаа нэгдээд дуугарчих завгүй л зүтгэсэн улс. Томчууд бид хувиа бодомтгой шүү.

 

Харьд байх нутгаа санах, амрагаа санахын тухай өөрсдийгөө өрөвдүүлсэн, өрөөлийг аргадсан дуу шүлэг зөндөө зохиож хоолойгоо эцтэл дуулж ууж идэж, өөрийн муу өнчин сэтгэлээ аргадах хэрнээ хойно үлдсэн үрсдээ чихэр хувцас явуулчихаад “хүүхэд юм чинь” болно гэх. Томчууд бид хатуу шүү.

 

Бяцхан үрс эцэг эхийнхээ хайранд байж зүүдэндээ уйлдаггүй, элгэндээ бэтгэрэхийн сорвигүй байвал сайхан. Амьдрал чадуу, таван төгрөгийн ханш унаад ажил төрөлгүй суугаад ирэхэд хэдхэн жил хүүхдээ орхиод явчихья гээд харьд зорихыг аргагүй сонголт гэж ойлгоно. Хэдхэн жилээ сунгасаар тав арван жил болоход бид мөнгөтэй, боломжтой болсон байдаг. Харин хүүхэд насны гэнэн хонгор үе нь сайндаа л 10 жил үргэлжилнэ шүү дээ. Таны ирэх сургийг томчуудын ярианаас чимээлэх үрсээ амьдралын “чухал” шийдвэрийнхээ хойно тавьчихдаг. Томчууд бид хувиа бодомтгой шүү.

 

Төр дипломат боломжоо ашиглаад ч харьд удсан “харласан” иргэн бүртээ үр хүүхдийг нь тэврээд очиж чадахгүй. Хүн бүрийн хувийн амьдралын үр дагаврыг арилгаад цэгцлээд байх боломжгүй. Алаг үрдээ нисээд очих сонголт хийх боломж эцсийн дүндээ танд өөрт чинь л байгаа.

 

Нялх үрээ орхиод явахдаа гаргасан шигээ мугуйд зориг, хатуу шийдвэрийг эх орон руугаа буцах цаг дор гаргаж чадахгүй “шийрэгнэх”. Томчууд бид хувирамтгай шүү. Аргагүйн эрхэнд том жижиггүй бэтгэрч яваа учир зовлонг хувцаалцаж байгаа ч “Удахгүй ирнээ” гэж гараад харьдаа дасаад, жаргалдаа уусан гэрээ мартсан гэсрүүд, үрээ мартсан үйлтэнгүүд цөөнгүй шүү гэдгийг энэ бүхний эцэст хэлмээр байна. 

 

Жирийн л нэг байдаг өдөр хонх цохиж “Ээж нь, аав нь байнаа... хаалгаа” гэж хэлэхэд таны хүүхэд яаж баярлах... Төсөөлөхөд өмнөөс нь хэлэх үг олдохгүй...

 

“Байна уу. Аав, ээж нь байнаа... Та нар дээрээ очиж байна. Онгоцондоо суучихсан шүү” гэх холын холоос хийх таны баяр хөөртэй дуудлага нэг өдрөөр ч болов наашлах болтугай.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Kub:
Ulsaa khugjuulekhiin tuluu bukh yumaa khayaj zutgekh yostoi gej boddog, gadaadad biyeiin amryg bodogchdyn khuvid khelekh yum alga, uls gaigui bolokhoor ni uldeed zutgesem khediigee tulkhekh sanaatai davkhij irchikheed, khundrenguut butsagsadtai burch yarikh yum ugui
2015-06-07
зочин:
Нийгмийн буруу ш тээ олигтой цалинтай орлоготой орон сууц зээлээр өгчихдөг бсан бол юу гэж ингэж явах уу би лав монголдоо ажлын хажуугаар айлд ажиллаж байж 2 хүүхдээ өсгөсөн тэрнээс биш улсын цалинг харсан бол өдийд траншэйнд бга даа
2015-06-07