Гацууртын ордын асуудлаар ажлын хэсэг гаргасан
2015-06-08

Гэрэл зургийг www.MPA.mn УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцсэн байна.

 

Эхнийх нь Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ. Засгийн газар төсөлдөө тус ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 хүртэл хувь байхаар тусгасан юм.

 

Шударга ёс эвслийн бүлгээс дээрх ордод төрийн эзэмшил 34 хувь байх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Гацууртын орд 100 хувь ард түмний өмч байтал 34 хүртэл хувь ээзэмшинэ хэмээн оруулж ирэх нь Сентерра гоулд компанийн 34 хувийг эзэмших асуудал болж ойлгогдож байна. Тиймээс энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон гэв.

 

Удаах асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл. уг төсөлд НДШ төлөөгүй, үл хөдлөх хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан далд байгаа хөрөнгө орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа ажил үйлчилгээг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагаас чөлөөлөх, албан татвар хүү, торгууль алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн зохицуулалт хийхээр тусгасан юм. Энэхүү зорилтот хэсгийг өөрчлөхгүйгээр төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ.

 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл нь далд байгаа хөрөнгийг ил болгох ёстой байтал Эдийн засгийн өршөөлийн хууль ч юм шиг хоёр хуулийг нийлүүлсэн мэт утга агуулж байна хэмээн тэрбээр мэдээллээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин