Мэргэжлийн хяналтын байгууллага алт олборлогчдыг дэмжинэ
2015-06-08

Манай улс өнгөрсөн онд 13.8 тонн алт олборлосон. Харин энэ жил 20 тонныг олборлох зорилт тавиад байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө”-ний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Т.Ганболд нар хамтран ажиллах тухай баримт бичигт 2015.06.08-ны өдөр гарын үсэг зурлаа.

 

Энэ нь хүн амын амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд онц хохирол учруулсан, аюулгүй ажиллагааны дүрмийг удаа дараа зөрчсөн зэрэг шалтгаанаар хуульд заасны дагуу үйл ажиллагааг нь зогсоох, түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоос бусад тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллага алт олборлогч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж хамтран ажиллана гэсэн үг юм.

 

Тухайлбал тухайн аж ахуйн нэгж уурхайд үйл ажиллагаа явуулахын тулд баримт бичгээ бүрдүүлэхээс эхлээд бүрдүүлж байх явцад нь мэргэжил, арга зүйгээр хангаж зөвлөн туслана. Мөн уул уурхайн салбарыг хөгжүүлэх богино, урт хугацааны хөтөлбөр боловсруулах, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлт хийлгэх зэрэг олон чиглэлээр дэмжиж ажиллахаар боллоо.  

 

“Алт үйлдвэрлэгчдийн холбоо” нь гишүүн байгууллагууддаа уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого, шийдвэрийг сурталчлах, Урт нэртэй гэгдэх хуулийг дагаж мөрдөх, ордыг иж бүрэн ашиглах, нөхөн сэргээлтээ чанартай хийх, алт олборлолтоо нэмэгдүүлж, ил тод байдлаа хангах юм.

Shuud.mn
Сонин хачин
kub:
busad chigleleer khuuli zurchij bolno gesen ug uu
2015-06-08