”Амгалан” станц ирэх өвөл дулаанаа өгнө
2015-06-09

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

 

Хотын зүүн хэсгийн дулааныг “Амгалан дулааны станц” хангана

 

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээ болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Амгалан дулааны станц”-ыг ажиллагаанд залгахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар  санхүүжүүлэх  арга хэмжээ авч, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах замаар эргэн төлж барагдуулахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд Ж.Эрдэнбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.

 

Тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 92 хувьтай байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сарын 15-нд бүрэн дуусгаж туршилт, тохируулга хийснээр ирэх өвөл Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилга, орон сууцнуудын дулааны хэрэглээг хангаж ажиллана.  Станцын туршилт, зүгшрүүлэг, үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан Амгалан өртөөнөөс станц хүртлэх төмөр замын засвар, арчилгаа болон нүүрс, ус, цахилгаан, туршилтын ажлыг гүйцэтгэх инженер, техникийн ажилчдын цалингийн зардлыг шийдвэрлэх шаардлагатай болжээ. Хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг хаах зэрэг зайлшгүй шалтгаанаар 2 зуухыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах горим тооцоог хийсэн байна. Станцын туршилт, зуухны галлагааг 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 15-нд хийх юм.

 

  4460 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийг шийдлээ

 

“Гэр хорооллыг орон сууцжуулах зорилтын хүрээнд 7 дугаар хорооллын Г хэсгийн орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн зээлийг БНХАУ-ын Экзим банкнаас авч Төрийн орон сууцны корпорацид дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгасан байна.

 

БНХАУ-ын дарга Си Жинпиний манай улсад хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Экзим банк, Монгол Улсын Төрийн орон сууцны корпорацийн хооронд “Орон сууцны 7 дугаар хорооллын Г хэсгийг барих тухай” зээлийн ерөнхий гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний дагуу Сүхбаатар дүүрэгт тус хорооллын орон сууцны Г хэсгийн төслийг 3 үе шаттай санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр Төрийн орон сууцны корпораци, БНХАУ-ын “Бээжин Юни-Констракшн групп”-ын хооронд 2015 оны 1 дүгээр сарын 7-нд гэрээ байгуулжээ. Төслийн нийт өртөг 221,447,5 мянган ам.доллар бөгөөд 85 хувийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор Экзим банкны үнэлгээний хороо шийдвэр гаргаж, үлдсэн 15 хувийг Төрийн орон сууцны корпораци санхүүжүүлэхээр болжээ.

 

Энэ төслийг  хэрэгжүүлснээр 4460 айлын орон сууцны хороолол баригдаж, нийслэл хотын хүн амын орон сууцны хангамж нэмэгдэх юм.

 

 50 сая ам.долларын тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

 

БНХАУ-ын Засгийн газраас 2015 онд Монгол Улсад олгох 50.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зарцуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, төслийг Хятадын талд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа.

 

Өрх, сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадамжийг нэмэгдүүлэх, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн мэс заслын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтны ур чадварыг сайжруулах зэрэг дэд төслүүдэд дээрх хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж байна.

 

IV улирлын эмийн зардлыг II, III улиралд шилжүүлэхээр боллоо

 

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын эмийн зардлыг бууруулж баталснаас эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үүссэн хүндрэл, улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7,8 тэрбум төгрөгт хүрсэн болон төсвөөс нэмж шаардагдаж байгаа хөрөнгийн талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.  Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан IV улирлын эмийн зардлыг II болон III улиралд шилжүүлэх, шилжүүлсэн хөрөнгийг Монгол Улсын 2015 Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

 

Хохирлын сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

 

Хохирлын сангаас хохирол нөхөн төлөхтэй холбоотой ажиллагааг зохицуулах Хохирлын сангийн тухай хуулийн төслийг  хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Хохирогчийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын талаар хийсэн судалгааг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг 2008 онд боловсруулж, 12 төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санг тусгайлан байгуулж, журмыг Засгийн газар баталсан байна. Энэ хүрээнд тус санд 2014 онд 284 сая, 2015 онд 600 сая төгрөг баталжээ. Төсвийн байгууллагууд хохирол барагдуулахад зориулсан хөрөнгийг төсөвт суулгаж, тусгайлан олгодоггүйгээс төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2009 он хүртэл зогсонги байдалд орж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учирсны улмаас Хууль зүйн сайдын тухайн жилийн багцад тусгаж эхэлсэн ч төсөвт байгууллагаас гаргуулах төлбөр өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

 

Хуулийн төсөлд хохирлын сангийн мөнгөн хөрөнгийг шүүхээс шийдвэрлэсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаанд зарцуулахаар тусгажээ.

 

Хохирлын сангийн тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн салбарт иргэдээс голлон өргөдөл, гомдол гаргадаг гэмт хэргийн хохирол барагдуулахтай холбоотой тогтолцоо бүрэлдэж, үйлчилгээний хүртээмж сайжирна.

 

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

 

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Тагнуулын байгууллагын тухай хууль анх 1999 онд батлагдсан бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжтой уялдуулах, хуулийн хэрэгжилтийн явцад үүссэн зарим харилцааг зохицуулах цаг үеийн хэрэгцээ шаардлагаар долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Хуулийг хэрэгжүүлэх явцад тагнуулын байгууллагын тогтолцоог нэгдмэл, илүү үр нөлөөтэй болгох, түүний удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгааг сайжруулах, тагнуулын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхээр Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нийт долоон зүйлтэйгээр боловсруулсан байна.

 

Хуулийн төсөлд тагнуулын байгууллагыг улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, бэхжүүлэх, тагнуулын байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, уялдуулан зохион байгуулах бүтцийг бий болгох, тагнуулын байгууллагын удирдлагыг тогтвортой ажиллуулах асуудлыг ч тусгажээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар тагнуулын байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээ цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хариуцлага, хяналтын тогтолцоо бүрдэх юм. Мөн тагнуулын байгууллагын удирдлага, ажилтны эрх зүйн байдал, баталгаа хангагдаж, тэдгээрийн мэргэшсэн, тогтвортой ажиллах нөхцөл боломж дээшилнэ гэж үзэж байна.

 

 

Товч мэдээ:

 

- УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачлан боловсруулсан Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус хэлэлцээд, тодорхой саналуудыг төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтлоо.

 

- Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аас Баянхонгор-Алтай чиглэлийн 129 км авто замын барих шилжүүлэх төсөл, арга хэмжээг хасч, концессын гэрээг цуцлахыг Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгов.

 

- ОХУ-ын Москва хотод зохиогдсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон олон улсын циркийн наадам, БНЧУ-д зохиогдсон Косианы нэрэмжит залуу хийлчдийн уралдаанд тус тус амжилттай оролцож, шагнал хүртсэн уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрлөө.

 

-УИХ-ын гишүүн А.Бакейгийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газраас өгөх саналуудыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

 

-Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсан 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын байгууллагын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтлоо.

 

-2015 оны төсвийн тухай хуулиар баталсан улсын төсвийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтаар батлагдсан худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

 

-“Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын журмын хавсралтад нэмэлт, өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

Shuud.mn
Сонин хачин