Өөрийн хүсэлтээр “буучих” сайд байна уу
2015-06-10

1990 оноос хойш 14 Засгийн газар төрд ээлж барьсан юм байна. Эдгээрээс хоёр Засгийн газар дөрвөн жилээ бүтэн авч Үндсэн хуулийн дагуу сонгуулийн үр дүнгээр бууж байлаа. Бусад нь ямар нэг хэмжээгээр бүдэрч, бүрэлдэхүүнээрээ огцорч нэг бол сайд нараа сугалуулсан түүхтэй. Ардчилсан оронд Ерөнхий сайд, Засгийн газар огцрох бол хэвийн үзэгдэл. Манайхан шиг нам фракцаараа хөдөлж бөөн хор найруулга болж байж огцруулдаггүй. Алдаа гаргасан бол өөрөө саналаараа огцроод өгнө.

 

Ойрын жишээ Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн эрх барьж буй үед гурван ерөнхий сайд албан тушаалаа өгч сайн дураараа огцроод байна. “Sewol” усан онгоцны эмгэнэлт явдлын дараа тус улсын Ерөнхий сайд Чон Хон Вонг огцорсон бол дараагийн ерөнхий сайд Ким Юнг Жүн их хэмжээний хувийн эд хөрөнгөө нуун дарагдуулсан хэрэгт холбогдон огцорсон. Одоо гурав дахь Ерөнхий сайд нь мөн л хээл хахууль авилгын хэрэгт нэр холбогдсон учир өөрийн саналаар огцроод хэргээ шалгуулж байгаа.

 

Хариуцлага алдсаныхаа төлөө өөрийн хүсэлтээр огцрох энэ жишиг манай төрийн аль ч түвшинд гарч байсангүй. Харин ч албан тушаалтайгаа улайран зууралдаж улдан чаргууцалдана. Оюутолгойг хөдөлгөснийхөө төлөө огцруулах зуултад ороод байгаа Ерөнхий сайдын асуудлыг энд хөндөж нэмж түлхэх гэсэнгүй. Ерөөсөө л манайд улстөрчид, намд хуваагдсан удирдах албан тушаалтануудад хариуцлага хүлээх гэдэг ойлголт үнэндээ алга гэдгийг л хэлэх гээд байна. Хариуцсан салбарт нь осол эндэл дараалан гарч байхад салбарын сайд түүний доорх дарга нар нь гарч ирээд олон нийтээс уучлалт ч гуйчихгүй юм. “Нам” минь байхад намайг хэн оролдох гээд л сууж байдаг улс даа.

 

Ээжийгээ хөтлөөд харьж явсан 12 настай охин Есүгэний  дээрээс барилгын зуурмаг шахагч машины сум унаж амь насыг нь хохироосон эмгэнэлт хэрэг гарсан. Жолооч нь хэдэн хурган албан тушаалтны хамт ял зэм хүртсэн. Үүнээс чимээлээд барилга дээрээс “юм” унах, нэг бол хүн унаж үхэх золгүй хэрэг явдал шилээ даран гарсан. Мэргэжлийн хяналтынхан бүх бурууг хууль тогтоомжийн алдаа, барилгын салбарынханд “чихээд” мултарсан. Ардчилал өндөр хөгжсөн оронд бол энэ мэт хэргүүдэд мэргэжлийн хяналтын дарга нь Барилгын сайдтайгаа баараггүй огцрох байлаа. Хүний амь эндчихээд байхад өөрөө бушуухан огцроод өгье гэх байсан байх. 

 

Өнгөрсөн 2014 онд нийтийн тээврийн орон нутгийн чиглэлийн автобус осол гаргаж гурван эмэгтэй, гурван эрэгтэй газар дээрээ нас барсан. Энэ бол нийтийн тээвэрт цочоо өгсөн том осол. Хэн нэг дарга нь “би буруутай ажлаа өгье” гэснийг би л хувьдаа санахгүй байна. Микро гэдэг эрлэгийн элч шиг машин осол гаргаж хүний амь авах бол хэвийн үзэгдэл шахуу болсон. Хэрэг зөрчил гаргасан жолооч нар шүүх дээр очсоноор бусад нь хаширдаг бол ийм хэрэг дахиж гарахааргүй болчихмоор. Жилд хэчнээн ч микрочин “Бүгд найрамдах” уншуулж байдаг юм. Овоо л тоо гарах байх. Гэвч улирлын чанартай гэдэг шиг микро болон том автобус осол гаргах үзэгдэл хэвээр. Цасан шуурга болж өнгөрлөө гэдэг шиг осол болж хүний амь эрсэдлээ гэдэг мэдээ байнга л гарна. Явсаар салбарын нөхдүүд л ажлаа хийж чадахгүй, зохих шийдвэр гаргаж зөв зохицуулалтыг хийж чадахгүй байгаагийн дохио. Өөрсдийнх нь урагшгүй, удирдах чадваргүй байдлаас болоод хүний амь эрсдээд байхад өөрөө саналаараа огцроод өгчихмөөр. Ёстой үгүй юм аа.

 

Саяхан нийслэлчүүд тог цахилгаангүй боллоо. Нэг шувууг гол буруутнаар нэрлээд мөн нэмж бусад буруутныг тогтоох ажлын хэсэг байгуулснаар том дарга нар нь хариуцлагаас бултчихав. Хуучин халагдсан дарга нь буруу санаж шөнө мөлхөж очоод гал тавьчихсан маягийн юм хэвлэлээр бичүүлж үзэв. Ингэж л аливаа галыг өөрөөсөө холдуулж сурсан дарга нар байх юм.

 

Хариуцлага алдсаныхаа төлөө саналаараа огцорсон сайд хэн нэгэн дарга энэ үед гарч ирвэл бид бусаддаа сайн үлгэр болсных нь төлөө магтан алдаршуулж бүх гэмийг цагаатган дахин дэвшүүлэхэд бэлэн болчихсон  улс байна.

 

Бид хүн л болсон хойно алдаа гаргана. Түүнийхээ төлөө хуулийн болоод ёс суртахууны хариуцлага хүлээнэ. Авилга авсан, улс орноосоо урвасныхаа төлөө амиа хорлочихдог, үгүй дээ сайн дураараа ёс зүйтэй огцорчихдог улстөрчидтэй улс орны жишээ олон. Харин бидэнд энэ хүн байна гээд хэлчих ганц жишээ байна уу.

 

2007 оны зургадугаар сарын 14-ны өдөр буюу одоогоос 8 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд МИ-8 нисдэг тэрэг осолдож 15 хүний эрдэнэт амь эрсдсэн хэрэг гарсаныг сануулья. Маргааш нь хэн нэг сайд сайн дураараа огцорсон бил үү. Энэ ослийн тухай дэлгэцийн кино хүртэл хийж мөнгө олцгоосон. Энэ ослоос үлдсэн ганц хүн нь сэтгэл зүйн дарамтаа дийлэхгүй амиа хорлох гэж оролдож байлаа.

 

Гурван төрийн нүүр гэдэг шиг 25 жил ардчиллаар замнаж 14 Засгийн газар солигдохыг үзсэн улс шүү дээ. Эрдэнэт хүний амь нас бүхнээс эрхэм гэдгийг ухамсарлан олон нийтийн өмнө уучлалт гуйж хариуцлагаа хүлээе гээд тамгаа өгч толгой дээгүүр гараад явчихсан өндөр ёс зүйтэй ганц ч улстөрчийг бид одоогоор нэрлэж чадахгүй л байна. Шударга ардчилсан нийгмийг цогцлоож байгаа энэ улсад минь “ёс зүй” ер нь хаана байна.

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
unen:
chinii bodoloor bol oros xujaa 2-iin erxsheeld baibal ezentei,, oorsdoo bol ezengui bolj bna uu, ooriin gesen ezentei tusgaar ulsaa xo, 70 jil orosiin medeld 200 jil manj xujaagiin medeld baisan uls xarin ch sain baigaa, xeden xel amaa biluudsen ajilgui yumnuudaas l bolj mongol dooshoo orj baigaa yum
2015-06-10
Зочин:
25 жил 14 засгийн газар. Эзэнгүй төрийн эмгэнэл чинь л энэ байна даа. Одоо болие оо. 25 жилд ядахдаа 5 байвал ямар вэ. Ардчилалын нэр барьсан суудлын төлөөх дайнаа зогсоое.
2015-06-10
unen:
chinii bodoloor bol oros xujaa 2-iin erxsheeld baibal ezentei,, oorsdoo bol ezengui bolj bna uu, ooriin gesen ezentei tusgaar ulsaa xo, 70 jil orosiin medeld 200 jil manj xujaagiin medeld baisan uls xarin ch sain baigaa, xeden xel amaa biluudsen ajilgui yumnuudaas l bolj mongol dooshoo orj baigaa yum