Төрийн хувь ТЭГ
2015-06-10

Уул уурхай, хөрсөн доорх баялгийг ашиглахдаа төр хувь эзэмших нь зөв гэдэг дээр бид санал нэгддэг байсан. Одоо бол төр өөрийн хувиа шилжүүлж, таван хувийн роялтийн татвар авах уу, хувиа бариад явах уу гэсэн асуудлыг ярьж байна. Үүгээр стратегийн гэх тодотголтой ордууд дээрх ээлжит том талцаан хаврын чуулганы хаалт дээр дахин эхэлж байна.

 

Энэ бүхэн “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолоос эхтэй. Товч дурьдахад, энэ тогтоол хоёр хавсралттай ба нэгдүгээр хавсралтад Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга, Асгат, Төмөртэй, Бороо зэрэг 15 орд багтсан бөгөөд бүгд стратегийн гэх ордод харьяалагдсан. Жагсаалтын эдгээр ордод төр хувь эзэмших болсон юм. Тогтоолын хоёрдугаар хавсралтад стратегийн гэх ангилалд орох магадлалтай 30 орд жагссан байгаа. Энэ нь нэмэгдсээр 49 орд болж байгаа ч гэдэг. “ДНБ-ий 4 хувиас дээш гарсан бол стратегийн ордод хамааруулна” гэж заасан байдгийг энд дурдах ёстой байх.

 

Төрөөс дараагийн алхам хийгдэж Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон байдаг. Өнөөх жагсаалтад багтсан 15 ордоос ямар байдлаар хувь эзэмшихийг зохицуулсан хэрэг. Үүнд, төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол ордын 51 хүртэл хувийг нь эзэмшинэ. Харин хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн бол 34 хүртэл хувийг эзэмшихээр тогтоосон. Одоогоор байдлаар 15 ордоос Тавантолгойн 100 хувь, Оюутолгойн  34 хувийг Засгийн газар эзэмшиж, үлдсэн ордыг эзэмшигч компаниудтай хувь эзэмшлийн хэмжээг тохироогүй явж ирсэн. Энэ хавраас үлдсэн орд дээр төрийн хувь хэд байхыг тохирохоор хэлэлцэж буй үйл явц хэрхэн улс төржиж буйг бид мэднэ.

 

Цагаан суваргын ордод төр 39 хүртэл хувь эзэмшихээр тогтоолын төсөл оруулж  ирсэн боловч 100 хувь МАК-д очсон. Тавантолгой дээр гацаа үүссэн бол. Гацуурт дээр 20 хувь гэж орж ирсэн нь одоо 34 болж засагдаад байгаа.

 

Стратегийн ордод төрийн атгаж байх 34 хувь бол гэрээгээ бариад хэрэгжээд ирэхээрээ хуудуутай болох нь өнгөрсөн хугацаанд томоохон төслүүд дээр харагдсаныг хүлээн зөвшөөрөх ёстой байх. Төр 34 хувь эзэмшинэ гэдэг нь ашгийн 34 хувийг л авна гэж хар ухаанд бууна. Тэгтэл тухайн хувь эзэмшиж байгаа компани нь ашиггүй ажиллавал яах вэ. Оюутолгой дээр хөрөнгө оруулагч талын заль энд л байсан. Зардлаа өсгөөд ашгаа бууруулаад байхаар манай 34 хувь гэж байхгүйтэй адил болж ирсэн.

 

Төр хувь хэмжээ эзэмшихдээ түүнтэйгээ дүйцэх хөрөнгө оруулалт, зардал гаргах шаардлагатай болдог. Манай төр эзэмшиж буй хувьдаа тоолоод гаргачих бэлэн хөрөнгөгүй учраас өндөр хүүтэй зээлийг хөрөнгө оруулагч талаасаа авч хувь эзэмшигч нэрээ хамгаалж ирсэн. Ард түмэнд харагдах байдал нь төр баялгаа манаад олборлолт үйл ажиллагаанд нь хяналт тавьж ашиг хүртэх мэт боловч ачир дээрээ зээл хүүгийн төлбөрт уначихаж байгаа юм.

 

Оюутолгой дээр 34 хувийг эзэмшигч нэртэй ч, алдагдал, өрөнд ороод байгаа нь үүний нэг жишээ. Цагаан суваргын орд дээр энэ л үндэслэлээр төр 34 хувиа эзэмшье гэхэд шууд гаргачих 350 сая ам доллар байхгүй тул “үндэсний компаниа дэмжье” гэсэн цагаатгал зүүгээд 100 хувь хувийн хэвшилд өгсөн. Хэрэг дээрээ стратегийн орд дээр төр хувь эзэмших хуулийн заалт аль хэдийн зөрчигдөөд эхэлсэн хэрэг. Энэ шийдвэр маргаан дагуулсаар хөх тэнгэрийн дор байх Үндсэн хуулийн цэцэд очсон. Цэцээс энэ нь “...Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Монгол Улсын Их хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч байна...” гэсэн дүгнэлт гаргаснаар асуудал дууссан.

 

Ордуудад эзэмших “төрийн хувь” зарим талаар сөрөг үр дагавар харуулсныг нэмж хэлэх жишээ бий. Бэл муутай төр зээлээр хувь эзэмшиж байхад хөрөнгө оруулагчаас сөргүүлээд тавих хөнгөлөлт, хүсэлтийн багц мөн хөвөрч өгнө. НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөгдөх, татварын тусгай хөнгөлөлт эдлэх цаашлаад ус цахилгаанаа хөнгөлөлттэй үнээр тооцох зэрэг. Мөн төр хувь эзэмшиж байгаа нэрээр элдэв төрлийн “шахааны бизнес явдаг” үзэгдэл ч гардаг. Ийм заваан юм их болох учраас Оюутолгой дээр шууд роялти татвараа аваад явья гэж зүтгээд байсан С.Ганбаатар гишүүний зөв байсныг өнгөрсөн үйл явдлууд харууллаа.

 

Ордууддаа хувь эзэмших оролдлого хийсэн энэ хүртэлх замд төрийн эзэмших хувь хатуу байх нь эргээд мухардал үүсгээд байгаа тул хоёрдугаар хувилбарыг бэлджээ. Уул уурхайн яамнаас өргөн бариад байгаа ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол өөрчлөлт нь стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэх тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зориулалт бүхий төлбөр авах асуудлыг зохицуулах өөрчлөлт. Шууд ойлгоход бас л төвөгтэй сонсогдоно.

 

Товчдоо бол хэрүүлийн алим болоод байгаа стратегийн ордод эзэмшиж байгаа төрийн хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлж үнэнд нь “жич” төлбөр авах боломж энэ хуулиар бий болох юм байна. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолтой зэрэг өргөн баригдсан энэ тогтоолын төслийн ард байх сайн мууг эдийн засагчид уул уурхайн төлөөлөл сайтар нягтлан шүүх хэрэгтэй болж байгаа юм.

 

Мэхний олон хувилбар гэдэг шиг стратегийн ордод төрийн эзэмших хувийг олон нийтэд таалагдах хэмжээнд өсгөж зарлаад үүнийгээ татварт шингээгээд хөрөнгө оруулагч талд шилжүүлэх буюу шуудхан хэлэхэд зарчихаж болох хуулийн өөрчлөлт яригдаж байна. Энэ тохиолдолд төр хувьцаагаа шилжүүлсэн ч дор хаяж 10 хувиа автоматаар авдаг олон улсын практикийг барих хэрэгтэй гэдэг саналыг зарим эдийн засагч хэлжээ. Аргаа барсан харагдах ч энэ хувилбар зөв байж болно.

 

Хамгийн гол нь төр өөрийн хувиа шилжүүллээ гэхэд тусгай нөөц ашигласны төлбөр нь таваас дээшгүй байна гэж хуулийн төсөлд тусгасан байна. “Таваас дээшгүй” роялти байх энэ хязгаар тогтоолын төсөл санаачлагч нараас тайлбар нэхэж байгаа юм. Энэ роялтийн таван хувийн хязгаар бүх ордод жигд үйлчилбэл баялаг ихтэй ордууд дээрээ бид алдаж болно. Одоо мөрдөж буй журмаар нүүрс, алт, зэсийн ордны нөөц ашигласны төлбөр харилцан адилгүй байгаа.

 

Гацууртын ордод төр эзэмших нь 20 хувь гэсэн хаврын тогтоолын төсөл зуны халуунд 34 болон өсөөд ороод ирлээ. Зэрэгцүүлээд төр стратегийн ордод эзэмших хувиа шилжүүлж болох хуулийн өөрчлөлт оруулаад ирж байна. МАН-ын бүлэг зөрөөд “Гацууртын орд дээр төр 34 хувь эзэмших шаардлагагүй, 100 хувь хувийн хэвшилд нь хариуцуулаад явах нь зөв юм аа” гээд суучихлаа. Цагаан суваргын орд шиг төрийн хувийг “0” хувь байх нь дээр гэж үзжээ. Цагаан суварга дээр үндэсний компаниа бодоод л 100 хувь гэж шийдлээ гээд байсан эрхэм гишүүдийн үгийг Гацуурт дээр юу өөрчлөв. МАК үндэсний компани юм бол “Сэнтерра гоулд” Канадын хөрөнгө оруулалттай компани юм биш үү. Энэ компани Бороогийн алтыг барж идээд одоо Гацууртад зүтгэж байгааг бүгд мэднэ. Гацуурт том орд биш богино хугацааны олборлолттой тул төрийн хувь оролцоо илүүц гэж тайлбарлах байх.

 

Энэ мэт стратегийн ордууд гэсэн хэрүүлийн алим ба үүнд төр хувь эзэмших тухайд ойлгомжгүй, зөрчилтэй шийдвэрүүд гарсаар байх юм. Дээр нь томоохон ордууд дээр асар улс төржсөн ашиг сонирхлын зөрчилтэй байгаа байдлаа эргэн харж хууль тогтоомжоо нэг мөр болгохгүй бол уул уурхайн салбараас гэрэлтэй ирээдүй харахад хэцүү болж байна.

 

Одоогийн дүр зургаар дутуу дульмаг хуулийн өөрчлөлт, тогтоолын төслийг зуны амралттай давхцуулан яаран зүтгүүлээд байгаагаа Уул уурхайн сайд юу гэж тайлбарлах вэ. Энэ байдлаар гоомой хандвал ордууд үнэн хэрэгтээ гадныхны гарт шилжих үүд нээгдэж, ард түмэн баялгаас хувь хүртэх нь “лөөлөө” болох бус уу.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
gatsuurtiin neriig barij tavantolgoig hudaldaj avah n
2015-06-10
ssss:
Монголчууд 100 өөрсдөө ухаад наад алтыг чинь гаргаж чадна.
2015-06-10