”Универсиад-2015”-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно
2015-06-10

Дэлхийн оюутны спортын Универсиад XXVIII их наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долоодугаар сарын 3-14-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо, БНСУ-ын Засгийн газрын ивээл дор болно. Дэлхийн 170 орны 12000 гаруй тамирчин, төлөөлөгч цугларах, спортын 18 төрлөөр болох энэхүү наадамд Монгол Улсаас спортын 12 төрөлд 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.

 

Оюутан тамирчид 272 багц медалийн төлөө хүч чадал, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөнө. Универсиад наадам үндсэн 10 төөлтэй /волейбол, гимнастик (уран сайхны гимнастик, спортын гимнастик), жүдо, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт (сэлэлт, усны бөмбөг, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт) теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис ордог. Харин наадам зохион байгуулагч орны зүгээс дээрх 10 төрөл дээр  байт харваа, бейсбол, бадминтон, гольф, гандбол, сэлүүрт завь, буудлага, таэквондогийн спортын төрлүүдийг нэмж, ОУОСХ-оос батлуулснаар энэ удаагийн наадам 18 төрлөөр болохоор болжээ.

 

Мөн наадмын үеэр ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал "Дэлхийн нийтийн хөгжилд оюутны спортын нөлөө” сэдвийн дор болох аж. Уг эрдэм шинжилгээний их хуралд 50 гаруй орны эрдэмтэд илтгэлээ хүргүүлсэн ба манай улсын 10 орчим их, дээд сургууль, коллежийн 20 гаруй биеийн тамирын багш, удирдлага, судлаач, эрдэмтэд урилгаар оролцож, илтгэлээ хэлэлцүүлэх юм байна.

 

Дашрамд дуулгахад, Дэлхийн оюутны спортын Универсиад XXVIII их наадмыг монголын МҮОНРТ, MNC, ТВ-9 телевизүүд газар дээрээс нь сурвалжлан хүргэх юм аж.

 

Үүнээс гадна БНСУ-ын зарим хотод тархаад буй “титэм” буюу корона вирус нь Универсиад-2015 наадмыг явуулахад нөлөөлөхгүй болохыг Олон улсын оюутны спортын холбооны эмнэлгийн комиссоос 2015 оны 6 дугаар сарын 4-нд гаргасан мэдэгдэлд дурьджээ. Мөн мэдэгдэлд вирусын тархалтыг БНСУ-ын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хяналтандаа барьж байгаа тухай мэдээлсэн байсан.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
universiad chi yakh we . ter aimshigtai uwchniig l bitgii teegeed ireerei dee
2015-06-10