Улаанбаатар хотыг Хонгконгд сурталчилна
2015-06-10

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, “Жуулчин”,” Нью Жуулчин“ компаниуд хамтран зургаадугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохиогдох Хонгконгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоход бэлэн болсон байна.

 

Тус үзэсгэлэнд 49 орны 483 байгууллага оролцож байгаа бөгөөд дөрвөн өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн эхний өдөр мэргэжлийн байгууллагуудад, дараагийн өдрүүд олон нийтэд нээлттэй болно. Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт хөрш орнууд, шууд нислэг бүхий хотууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилт тавигдсаны дагуу үзэсгэлэнгийн төв хэсгийн 18м.кв талбайд МонголУлс, Улаанбаатар хот талбай тохижуулан оролцож байна.

 

2014 онд БНХАУ-ын 115 сая иргэд гадаадад жуулчилсны дийлэнхийг Шанхай, Бээжин, Хонгконг, Гуанжоу зэрэг томоохон хотын иргэд бүрдүүлж байгаа юм. Долоо хоногт 5 шууд нислэг Хонгконг-Улаанбаатарын хооронд хийгддэг, Монгол Улсын ерөнхий консулын газраас шуурхай виз авах боломжтой зэрэг нь тус засаг захиргааны онцгой бүсийн жуулчдыг татах давуу тал болдог.

 

Тус бүсийн жуулчдыг хүлээн авах бэлтгэлийг хангах зорилгоор Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дээд шагнал Үлиссийн нэрэмжит судлаач, Хонгконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоныг Улаанбаатар хотод урин ирүүлж жуулчидтай харилцдаг төрийн байгууллагууд, нийслэл хотын зочид буудал, зоогийн газрын менежерүүдийг сургалтад хамруулсан билээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин