Хятад эзэнтэй “Зунжин” компани, 350 мянгын хуурамч диплом гээд олон асуудал үүслээ
2015-06-10


Манай сайт уншигч та бүхэнд өнөөдрийн өдөр тутмын хэвлэлүүдэд нийтлэгдсэн сенсааци мэдээллүүдийг тоймлон хүргэдэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Уламжлал ёсоороо өнөөдрийн өдөр тутмын сонины сенсааци мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.



Сенсааци 1: 350 мянгын хуурамч дипломын бизнес эхэлжээ



“Цэцэгстэй зэрэгцээд ид цэцэглэдэг бизнес бол дээд боловсролын дипломын наймаа” хэмээн өнөөдрийн Ардчилал сонинд гарсан байна. Тус нийтлэлд оюутан залуус сургуулиа төгсөх гэж байгаа энэ үед хуурамч диплом борлуулах явдал газар авч байгаа асуудлыг хөнджээ.



Нийтлэлээс дурьдвал, “Диплом зарна, их дээд сургуулийн диплом яаралтай гаргана”, “Хүмүүнлэг”-ийн их сургуулийн дипломын үнэт цаас зарна”, “БСШУЯ-д бүртгэлтэй болон зөвхөн сургуульд нь бүртгэлтэй ориг диплом гэрээ байгуулж гаргана, найдвартай” гэсэн зар сайтуудаар нэг тэнүүчилж байна. Зарын дагуу хоёр ч дугаар руу утас цохилоо. /Бүртгэлтэй диплом гаргана гэсэн зарын дагуу 8887.... гэсэн дугаар руу залгав/” хэмээжээ. Харин залгасан дугаарын эзэн нь “Бүртгэлтэй ч биш л дээ. Үнэт цаасан дээр хэвлэж өгөх юм. Зохицуулаад хийгээд өгчихдөг хүн бий.


Надад болохоор ганц хоёр үнэт цаас байгаа юм л даа. Тэрийгээ л ашиглах гээд. Харахад ямар ч ялгаагүй ижилхэн дипломтой болно гэсэн үг шүү дээ. Албан байгууллагууд ялгаж мэддэггүй юм. Бүртгэлгүй гэдгээрээ л ялгагдана.  Анги нь л бэлэн байвал өдөртөө гаргаад өгнө. Гэхдээ өнгөрсөн жилийн наалт байхгүй шүү. 2013 оных л байгаа. Тэрийг нааж өгнө дөө. Одоо наалт нь өөр болсон гэсэн. Гэхдээ Дарханых хуучин цэнхэр наалттай л байна билээ. Тэгэхээр болох байх. Үнэ нь 350 мянга” хэмээн хариулжээ. 


Энэ хэргээс улбаатай хохирогчид тийм ч цөөн биш. Тэдний нэг болох охины ярианд “МУИС-ийн диплом 1,5 мянган ам.доллараар хийлгэсэн юм. Хийсэн хүмүүс нь яаманд бүртгэлтэй ямар ч эргэлзээгүй, МУИС-ийн бүх бүртгэлд орсон гэсэн. Архивын мэргэжилтнээс очоод асуусан чинь ямар ч сургуулийн бүртгэлтэй дипломыг хуурамчаар хийх боломжгүй гэж байна. Яаманд бүртгэлд оруулдаг гэх бүлэг хүмүүс бусдыг хуураад мөнгө аваад байгаа тухай ярьсан. Тэгэхээр бүртгэлийн тухай яамнаас хэзээ ч асуухгүйг далимдуулж залилан хийдэг юм байна” гэжээ.


Ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл таван жилийн хорих ялаар шийтгэдэг болсон гэнэ. Тэгэхээр барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг хуурамч дипломын наймааг ил цагаанд нь гаргаж, амар хялбар аргаар мөнгө олох гэж завдаж байгаа нөхдүүдэд зохих байгууллагууд нь төмөр нүүрээ харуулах цаг нь болсон юм шиг” хэмээжээ.   



Сенсааци 2: Хятад эзэнтэй “Зунжин” компани дахиад л асуудал үүсгэлээ

 

 

“Хөөсөнцөрийн бэхэлгээ нь үндсэн өрлөгтөө хүрээгүйгээс 65 дугаар байрны хана салхинд хуурчээ” хэмээх сурвалжлага “Өдрийн сонин”-д  нийтлэгджээ.



Тус нийтлэлд гүйцэтгэгч компани 20 см бэхэлгээний эргийг авалгүй үнэ хямдыг нь бодож 16 см-ийг сонгон хийснээс болж Хан-Уул дүүргийн XV хорооны “Нархан” хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна фасадны хөөсөнцөр, шавар энэ сарын 3-ны өдөр орсон бороонд норж, салхинд хуурч нурсан байна. Тус барилгын эзэд буюу захиалагч нь “Тэнгэрлэнд” гэх компани аж.



Харин ерөнхий гүйцэтгэгчээр “Зунжин” гэх хятад эзэнтэй компани ажиллажээ. 



Сенсааци 3: Сайтуудыг хакердах гэж оролдов



“Монголын сайтууд хакердуулав” хэмээх мэдээлэл “Өнөөдөр” сонинд гарсан байна. Тус нийтлэлд “Монголын ихэнх мэдээллийн сайтууд өчигдөр нэвтрэх боломжгүй болж үйлчилгээ нь доголдов. “Mn” домэйн нэртэй олон сайт “Мэйжик нэт” компанид бүртгэлтэй байдаг бөгөөд энэ талаар тус байгууллагын мэргэжилтнээс тодруулахад “Гаднын халдлагад өртсөн. Үйлчилгээ хэвийн болохоор мэдэгдэе гэхээс өөрийг хэлсэнгүй.



Харин удалгүй буюу 18.00 цагийн үед “Датаком” компани өөрийнхөө сайтад “Манай үйлчилгээний домэйн нэрийн сервер буюу DNS серверүүд рүү 2015 оны зургадугаар сарын 09-ний 15.00 цагаас эхлэн гаднаас халдлага (hacking) хийх оролдлого хийсэн бөгөөд бид хариу үйлдэл, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг авах зорилгоор домэйн нэрийн ажиллагааг түр хугацаанд зогсоолоо.



Удахгүй хэвийн ажиллагаанд орох болно” хэмээн мэдэгдэв. Энэ мэдээлэлтэй холбогдуулан “Монголын кибер довтолгоонтой тэмцэх төв” ТББ-ын тэргүүн Т.Халтартай холбогдоход “Аюулгүй байдлын үнэлгээ хийлгэж хамгаалалтаа сайжруулах ёстой байтал эдийн засгийн хувьд хэмнэлттэй хувилбарыг нь сонгосноос ийм байдалд хүрч байна” хэмээн ярьжээ.



Сенсааци 4: АТГ дахиад нэг даргыг шалгаж эхлэв



“ИХШХЕГ-ын даргыг шалгаж эхэллээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Үүнд “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарын дарга Б.Пүрэвдоржийн албан өрөөнд өчигдөр 16.00 цагийн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд үзлэг нэгжлэг хийж, битүүмжилсэн талаар эх сурвалж мэдээллээ. Албаны хүнээс энэ талаар лавлахад “Б.Пүрэвдоржийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн.



Прокурорын зөвшөөрлөөр албан өрөөнд нь нэгжлэг хийсэн. Мөн тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгийн өрөө, компьютер зэрэгт ч үзлэг хийсэн” гэлээ.



АТГ-ынхан энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Б.Пүрэвдоржийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй сурагтай” хэмээжээ.



Сенсааци 5: Үүрээр онхолдсон автобусны жолооч үүрэглэсэн байх магадлалтай юу



Улаанбаатар-Увс чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байсан 34 зорчигчтой автобус Архангай аймагт осолдож, 13 хүн хүнд гэмтэж тус аймгийн С.Нетойн нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.



Тэгвэл өнөөдрийн өдөр тутмын хэвлэлд “Архангай аймгийн Өндөр Сант багийн нутгийн Цагаан сүмийн голын гүүрэн дээгүүр гарч явахдаа далан руу унасан ослын гол шалтгааныг тодруулахаар харьяа бүсийн цагдаагийн газар ажиллаж байна. Осол үүрээр 05:00 цагийн орчимд гарсан бөгөөд 08:00 цагийн үед найман зорчигчийг, 14:00 цагийн үед дахин таван зорчигчийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.



Ослын улмаас амь насанд аюултай гэмтэл авсан зорчигч байгаагүй гэлээ. Гэхдээ урьдчилсан байдлаар автобусны жолоочийг согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэдгийг батлаад байгаа аж. Осолдсон ПАЗ-4234 маркийн автобус 30 зорчигч тээвэрлэх ёстой байж. Мөн энэ автобус энэ сарын 6-ны өдөр Увсаас гарч, Улаанбаатар хотод 8-нд нь ирсэн ч тухайн өдөртөө Улаанбаатар-Увс  чиглэлд зорчигч тээвэрлэн хөдөлжээ” хэмээжээ.


Эх сурвалж: www.mminfo.mn
 

Shuud.mn
Сонин хачин