Чингисийн талбайд ”Учиртай гурван толгой”-г тоглоно
2015-06-10

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлаар баяр наадмын үеэр зохион байгуулах соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг баталсан байдаг.

 

Уг хөтөлбөрийн хүрээнд ирэх долоодугаар сарын 10-ны 21 цагт  Чингисийн талбайд "Учиртай гурван толгой" дуурийг бүрэн эхээр нь тоглохоор болжээ. Уг дуурь ямар ч үнэ төлбөргүй тоглогдох бөгөөд тус дуурийг гол дүрийн сонгон шалгаруулалт хийж эхэлжээ.

 

Энэ талаар Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзулаас тодрууллаа.

 

-"Учиртай гурван толгой" дуурийн гол дүрд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалт болох гэж байгаа гэж сонслоо. Сонгон шалгаруулалтын бүртгэл эхэлсэн үү?

-Тиймээ. Монголын үндэсний ууган сонгодог бүтээл "Учиртай гурван толгой" дуулалт жүжгийн дуурь болгон тавьсны 65 жилд зориулан анх удаа гадаа задгай талбайд тоглохоор болсон. Уг тоглолтод тоглох хамгийн шилдэг уран бүтээлчдийг сонгон шалгаруулахаар болсон. Сонгон шалгаруулалт энэ сарын 12-22-ны өдрүүдэд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.

 

-Уншигчид маань өмнө нь тус жүжигт тоглож байсан уран бүтээлчдийг яасан юм бол гэж гайхаж магадгүй. Өмнөх Нансалмаа, Юндэн, Балган, Хоролмаа нар хаачсан юм бэ?

-"Учиртай гурван толгой" дуурьт монголын бүх дуурийн дуучид маань тоглосон байдаг. Манай театраас гэхэд дөрвөн Нансалмаа, дөрвөн Юндэн, дөрвөн Балган, гурван Хоролмаа гарах бүрэн боломжтой. Гэвч бид хамгийн шилдгийг нь сонгон шалгаруулж, тоглуулахаар болсон. Энэ удаагийн жүжигт зөвхөн манай театрын уран бүтээлчдээс гадна өөр театр, өөр нэгдлийн, өөр чадварлаг чөлөөт уран бүтээлчдийг оролцуулахаар боллоо. Бусад дүрүүдэд манай театрын уран бүтээлчид оролцоно.

 

-Уран бүтээлчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Юун түрүүнд дуурийн дуучин байх, 23-40 насны, урьд өмнө нь "Учиртай гурван толгой" дуурьт тоглосон туршлагатай байх гэсэн энгийн шаардлагуудыг тавьсан байгаа.  Сонгон шалгаруулалтыг энэ сарын 25-26-д болно" гэв.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин