ЕАБХАБ-ын Ассамблейн намрын хурал Улаанбаатарт болно
2015-06-11

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Парламентын Ассамблейн намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2015 оны 9 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 
 

Үүнтэй холбогдуулан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны гишүүд болон бусад албаны хүмүүс хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар  хуралдлаа.  

 


 
 
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Парламентын Ассамблей нь тус байгууллагын 57 оролцогч улсын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм бөгөөд эдгээр улсын парламентуудын төлөөлөл болсон 323 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тус Ассамблей ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд гишүүн орнуудын парламентын оролцоог дэмжих зорилгоор 1990 онд байгуулагдсан. Анхны албан ёсны чуулганаа 1992 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулсан юм. 
Жил болгон гишүүн орнуудад ээлжлэн зохион байгуулагддаг парламентын ээлжит чуулганы үеэр цаг үеийн тулгамдсан асуудал болон ЕАБХАБ-ын үйл ажиллагааны талаар тунхаг бичиг гаргадаг. Чуулганы ажиллагаанд ЕАБХАБ-ын дарга оролцон үг хэлж, гишүүдийн сонирхсон асуултад хариу өгдөг уламжлалтай. Парламентын Ассамблей нь ЕАБХАБ-ын гишүүн орны парламент хоорондын яриа хэлэлцээний механизм болохын зэрэгцээ оролцогч орны сонгуульд ажиглагч илгээх, хүний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Ассамблейн төв байр Данийн Вант Улсын нийслэл Копенгаген хотноо байрладаг. 
Манай улс тус байгууллагад гишүүнээр элссэн нь олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл, туршлага харилцан солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцох нөхцөл бүрдэж байна. 
Монгол Улс 2004 оны 12 дугаар сард Болгарын нийслэл Софи хотноо болсон Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Азийн тав дахь түнш улс болсон. 2012 оны 12 дугаар сард Ирландын Дублин хотноо болсон Сайд нарын Зөвлөлийн 19 дүгээр уулзалтаар (2012 оны 11 дүгээр сарын 21-нээс) оролцогч орон буюу бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болсон.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлаар “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд парламентын хурал хоёр өдөр үргэлжлэх болно. Мөн  байнгын хорооны хурал болон соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна. 


Хурал зохион байгуулах Үндэсний хорооны хуралд Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Үндэсний хорооны Орлогч дарга М.Батчимэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг мөн Үндэсний хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Л.Болд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон бусад албаны хүмүүс байлцлаа  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mongol ulsiin ner hundiig boodooroi. Amjilt husie.
2015-06-11