Ахадсан ачаа үүрч яваа хүүхдүүд
2015-06-12

 

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээрээ 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах зорилт тавьж, зорилтдоо хүрэхийн тулд энэ чиглэлийн бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа юм.

 

Энэ өдөр өөртөө хүндэдсэн ачаа үүрч гэр бүлээ тэжээхийн тулд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн төлөө томчууд бид юу хийх вэ гэсэн асуудлыг хөнддөг.

 

“Тор авах уу, зар авах уу, бохь аваарай, чихэр аваарай” гэж гүйлдэх багачуудтай бид өдөр бүр таардаг. Тэд ихэвчлэн бага насныхан байдаг ч аль хэдийнэ үүнд дасч, байх л ёстой юм шиг ханддаг болжээ.

 

Өглөө эртлэн босч томчуудын нэгэн адил автобусанд уралдан ажилдаа яарах бяцхан ажилчидтай та бид өдөр бүр таарч буй. “Өнөөдөр хэдэн төгрөг хийчих юмсан” гэж ярилцахыг сонсоход эгээ л том хүн гэлтэй.

 

Тэдний төлөөлөл болсон бяцхан баатруудтай ярилцахаар “Нарантуул” ОУХТ-ийг зорилоо.

 

Б.Билгүүн: Ээж маань миний олсон мөнгөөр гэртээ талх авдаг

 

 

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн зүүн хаалганы ойролцоо нэгэн жаал бохь, чихэр зарж байхтай таарав. Түүнийг Б гэдэг, 8 настай гэнэ.

 

-Сайн уу. Хэн гэдэг вэ. Сургуульд сурдаг уу?

-Сайн. Намайг Б гэдэг /хүүхдийн эрх ашгийн үүднээс нэрийнх нь эхний үсгийг бичив/ 3-р ангид сурдаг.

 

-Миний дүү хэзээнээс бохь, чихэр зардаг болсон юм бэ?

-Аль.../бодолхийлснээ/. Намайг ямар ч л байсан сургуульд орохоос өмнө ээж чихэр, бохь заруулж эхэлсэн. Одоо би өөрөө чихэр, бохь зарж, мөнгө олох дуртай болсон.

 

-Ээж нь хаана, юу хийдэг вэ?

-Ээж энд /Шилэн захын зүг заав/ гутал зардаг.

 

-Өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог вэ. Олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ?

-Орлого сайтай өдөр 10-12 мянган төгрөг олдог. Ихэнхдээ таван мянган төгрөгийн ашиг олдог. Олсон мөнгөө ээждээ өгдөг. Эсвэл бөөний төвөөс чихэр, бохио аваад дахиад зардаг. Ээж маань миний олсон мөнгөөр гэртээ талх, мах авдаг.

 

-Хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?

-Өглөө 07 цаг өнгөрөөж босоод 8 цаг гэхэд зах дээр ирдэг. Орой 20-21 цагийн орчимд гэртээ харьдаг.

 

-Худалдаагаа хийхэд томчуудын зүгээс дарамт шахалт үзүүлдэг үү. Цуг явахыг санал болгодог ч юм уу?

-Зөндөө тийм тохиолдол гарч байсан. Хамгийн сүүлд уржигдар нэг танихгүй ах “чи надтай цуг явах уу. Би чамд гоё хоол, хувцас авч өгье. Чи дагаад явчих” гэсэн. Тэгэхээр нь би “Ээж ааваа дуудлаа шүү, ээждээ хэлнэ шүү” гээд хэлсэн. Тэгж хэлэхээр яваад өгдөг. Ийм тохиолдол зөндөө гардаг.

 

-Том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Цагдаа болно.

 

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би дороо дөрвөн дүүтэй, дээрээ гурван ах, хоёр эгчтэй. Манай ах, аниа хоёр над шиг наймаа хийдэг. Дүү нарыг аав гэртээ хардаг.

 

-Заримдаа бусад хүүхэд шиг гэртээ амарч, тоглож наадахыг хүсдэг үү?

-Хүсдэг. Гэхдээ надад мөнгө хэрэгтэй учраас зах дээр наймаагаа хийх нь илүү дээр санагддаг.

 

 

Өөрсдийнхөө ажилд хүүхдээ оролцуулж байгаа нь хүүхдийн хүнд хөдөлмөрт ордог 

 

 

 

Нэг баримт дурьдахад, өнгөрсөн 2014 оны наймдугаар сард хийсэн судалгаагаар ажил эрхэлдэг хүүхдийн 37 хувь нь 15-17, 52 хувь нь 10-14, 11 хувь нь 5-9 насны хүүхэд байгаа аж. Гол төлөв жижиглэн худалдаа хийдэг юм байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 58.6 хувь нь эцэг эх нь ажилгүй, 41.4 хувь өөрсдийн санаачлагаар ажил хийж байгаа гэж хариулсан байна.

 

Сурахын хажуугаар ажил хийдэг хүүхдүүдийн хувьд ихэвчлэн эцэг эх нь гудамжинд жижиглэнгийн бараа зардаг эсвэл ТҮЦ-т суудаг байна. Тэд өөрсдийн хийх ажилдаа хүүхдүүдийг оролцуулж байгаа нь хүүхдийн хүнд хөдөлмөрт ордог юм байна. 

 

 

Б.Жавхлан: Сагсчин болохыг мөрөөддөг

 

 

 

Энэ хүүг Б.Жавхлан гэдэг. Б.Жавхлан өдгөө 12 настай ч, ээждээ тусалж, амьдралаа залгуулахын тулд “Нарантуул” олон улсын худалдааны төвд “тэрэгчин” хийдэг.

 

-Тэрэг түрээд удаж байна уу. Хэдэн жил ажиллаж байна?

-Нэг их удаагүй ээ. Жил гаруй л болж байна.

 

-Аав ээж, ах эгч чинь “Нарантуул” зах дээр ажилладаг юм уу?

-Үгүй. Би ганцаараа энд ажилладаг. Ээж маань тогооч. Өөр газар ажилладаг. Ээждээ дэм болох үүднээс сайн дураараа энд жил гаруй тэрэг түрж байна.

 

-Сургуульд сурдаггүй юм уу?

-Сурдаг. Баянзүрх дүүргийн ... сургуульд сурдаг. Эгчээ царайг ил гаргахгүй ярилцлагаа гаргаж болох уу? Ангийн хүүхдүүд маань мэдчихвэл шоолно. Одоо зуны амралт эхэлчихсэн учраас өглөө 9 цаг гэж ирээд орой 19 цаг гээд гэр лүүгээ явдаг. Харин өвөлд хичээлээ тараад ирж ажилладаг.

 

-Бололгүй яахав. Ээж нь чамайг энд ажилладагийг мэдэх үү. Чамаас өөр ажил хийх хүн гэрт чинь байхгүй юу?

-Мэддэг. Ээж маань намайг ажил хийдэгт харин ч их баярладаг. Яагаад гэвэл, гэртээ хоол хүнсээ авчихдаг. Бас өөртөө хувцас аваад өмсдөг. Гэрт ээж бид хоёроос өөр ажил хийх хүн байхгүй ээ. Уг нь би дээрээ нэг ахтай. Тэр 15 настай. Гэхдээ ажил хийдэггүй. Миний бага дүүг хараад гэртээ байдаг.

 

-Өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог вэ. Зарим хүн мөнгөө өгөхгүй “унжих” тохиолдол гардаг уу?

-Гардаггүй. Өдөрт 15-20 мянган төгрөгтэй буудаг.

 

-Чиний мөрөөдөл юу вэ?

-Сагсан бөмбөг тоглох дуртай. Улсдаа нэр хүндтэй сайн тамирчин болохыг мөрөөддөг. Биеийн тамирын хичээлдээ илүү сонирхолтой.

 

 

Дашрамд дуулгахад, Үндэсний статистикийн хороо таван жилд нэг удаа хүүхдийн хөдөлмөрийн үндэсний түүвэр судалгаа хийдэг юм байна. Өнгөрсөн 2014 оны судалгаагаар 207 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгааг гаргажээ. Гэвч бодит байдал дээрээ уг тооноос хэдэн арав дахин их хүүхэд хөдөлмөр эрхэлж буйг албаны эх сурвалж мэдээлсэн юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Lol:
Amidral gej hatuu ymaa
2015-06-12
Зочин:
lopezd ogoh mongoo ene huuhduuded og lopez irlee geed mongoliig hen toohiin. ugaas mongold gadnihniig tatah yum baidaggui. jorlon ch baihgui haa ch ochson buudal baihgui baihaaraa unetei tohi tuh gej baihgui emegteichuud lav mongold ochihgui deg
2015-06-12