Улсын дугаарыг тэгш сондгойгоор ялгахгүй
2015-06-12

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдуулан хотын төвийн хэсэгт тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх талаар хэлэлцлээ.

 

Нийслэлд хийгдэж буй автозам, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан хотын төвийн хэсэгт автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн. Энэ нь 1987 онд анх баригдаж ашиглалтад орсон Баруун 4 замаас Төв шуудан хүртэлх дулааны шугам сүлжээний их засвар шинэчлэлтийн ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллыг сааруулах түр зохицуулалт байсан юм. Өнгөрсөн даваа гараг буюу 06 дугаар сарын 08-ны өдөр Төв шуудангийн урд хэсгээс Цэцэг төвийн уулзвар хүртэл автозамыг хааж дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд замын хөдөлгөөний ачаалал ямар байсан талаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв судалгаа хийж Чингисийн өргөн чөлөө урдаасаа хойшоо, Сүхбаатарын гудамж урдаасаа хойшоо, Жуулчны гудамж зүүнээсээ, Сөүлийн гудамж 1-р сургуулийн урдуур 2 талдаа, Наран туулын уулзвар хойноосоо ачаалал ихтэй, бусад авто замуудын хөдөлгөөн хэвийн, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох замын хөдөлгөөний ачаалал засварын ажлын өмнөх үеэс бага байсан гэж дүн гаргажээ. Энэ нь Их, дээд сургууль, ЕБС-ийн сурагчдын хичээл амарсан болон иргэд автозам хаасан мэдээллийг авч өөр чиглэлийг замыг сонгож байгаа зэрэг нөлөөлсөн гэж албаныхан үзэж байна.

 

Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс  06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тэгш, сондгойн хязгаарлалтын түр зохицуулалтын арга хэмжээг хойшлуулах санал орууллаа.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид уг нь төвийн замуудыг хэсэгчлэн хааж ажил гүйцэтгэх үед замын хөдөлгөөний ачаалал хэвийн өдрүүдээс илүү ачаалалтай болно гэж тооцон энэ зохицуулалтыг хийхээр төлөвлөж байсан. Гэтэл ажлын хэсгийн танилцуулгаар худалдааны төв, захуудруу чиглэсэн замыг эс тооцвол замын хөдөлгөөний нэмэлт ачаалал үүсэхгүй байна гэлээ. Тэгэхээр тэгш, сондгойн түр зохицуулалтыг хугацааны хувьд хойшлуулах саналыг дэмжих хэрэгтэй” гэлээ. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийг урагшуулах санал ирж байгаа. Энэ талаар судлах хэрэгтэй гэсэн юм.

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд 06 дугаар сарын 15-наас хэрэгжихээр төлөвлөж байсан автомашины улсын дугаарын сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор хязгаарлах түр зохицуулалтын хэрэгжилтийг хугацааны хувьд хойшлуулж, харин зах, худалдааны төвийн худалдаа эхлэх, тарах цагийг шинээр зохицуулахаар шийдвэрлэлээ. Ирэх өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгааг тогтмол явуулахыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвд үүрэг болголоо. Дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tiim bailguindee. bayarlalaa
2015-06-12