МДТОФ компанийг буруутай гэж шүүх шийдлээ
2015-06-12

МДТОФ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 0000196 дугаартай шийтгэврээр ногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах, “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 Монгол Улсын стандартад өөрчлөлт оруулахыг Стандарчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хэлэлцжээ.

 

Шүүхээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн 10.000.000 төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж, “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 Монгол Улсын стандартыг хууль тогтоомж зөрчөөгүй  тул өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. МДТОФ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамжинд байрлах “Дархан цогцолбор” хороолол, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Үйлдвэрчин” хорооллоос 124 иргэнд орон сууц худалдаалахдаа талбайн хэмжээг дутуу худалдаж, 633 сая төгрөгийн хохирол учруулж, уг хохирлыг барагдуулаагүй тул торгууль ногдуулсан байдаг.

 

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд иргэдэд учирсан хохирол болох 633 сая төгрөгийг бүрэн барагдуулах боломж бүрдэх юм.

 

МДТОФ ХХК нь сүүлийн жил гаруй хугацаанд иргэдэд учруулсан их хэмжээний хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж байсан бөгөөд энэ хугацаанд шүүх хуралдаан давхацсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч ээлжийн амралттай, эмчлүүлж байгаа, эмнэлгийн хяналтад байгаа, өмгөөлөгч авах шаардлагатай, өмгөөлөгч оюутнуудад хичээл зааж байгаа, захирамжид гомдол гаргана гэх мэт шаалтгаанаар нийт 19 удаа  шүүх хуралдааныг хойшлуулсан байжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин