Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 537 хүнийг хамгаалжээ
2015-06-15

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг “Түр хамгаалах байр”-ны ажилчин, албан хаагчид 2015 оны 6 дугаар 9-ний байдлаар 177 насанд хүрсэн хүн, 360 хүүхдийг хамгаалалтад авч хууль эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эмнэлгийн шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилласан байна.

 

Тус төв 30 хүн хүлээн авах нөөц боломж, хүчин чадалтай. 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр анхны үйлчлүүлэгчээ хүлээн авснаас хойш гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 537 хүнийг хамгаалж, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа юм.

 

Тэнд ирэгсдийн олонх нь эмэгтэйчүүд байдаг. Ээжийгээ дагасан хүүхдүүд тэднээс ч олон. Журмын дагуу хүмүүсийг 30 хоногийн хугацаанд хамгаалах ёстой. Гэхдээ удаан хугацааны хамгаалалт шаардлагатай бол сунгах  тохиолдол байдаг. Журамд заасан хугацаанд багтаан хүмүүсийнхээ асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг гэж Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн хошууч Д.Сэржмядаг ярьсан.

 

Түр хамгаалах байраар насанд хүрсэн гурван эрэгтэй хүн үйлчлүүлжээ. Эрэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хамгаалах төв хандах сонирхол бага бөгөөд энэ нь тэдний нэр, сүр, эрэгтэй хүн хүчирхэг байх ёстой гэдэг үзэл бодол нөлөөлдөг байх гэдгийг хэлж байсан.

 

Нийслэлийн хэмжээнд оны эхний таван сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж 248 иргэн хохирсны улмаас 90.3 хувь нь  эмэгтэй, 9.6 хувь нь эрэгтэй хүн байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 20.8 хувь, хохирогч 19.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг албаны хүн онцолж байв.

 

Хүчирхийллийн хэлбэрээр харахад бие махбодын хүчирхийлэл 78.1 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 20.5 хувь, бэлгийн хүчирхийлэлд автсан 0.8, эдийн засгийн хүчирхийлэлд автсан 0.4 хувийг эзэлж байгаа аж.

 

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн захиргааны зөрчил оны эхний таван сарын байдлаар нийт 285 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 132 нэгжээр буюу 86.2 хувиар өссөн байна.

 

 

 

 

 

 

 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Tur hamgaalah bair baiguulsan ta buhend tallarhaj baina. Olon hund tuslah bolno.
2015-06-15