Р.Жигжид: ”Гацуурт”-д төр 34 хувь биш тусгай төлбөр авах загварыг сонгосон
2015-06-16

Гэрэл зургийг MPA.MN

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Гацууртын ордод төр 34 хувь эзэмших үү, ногдол ашгаа аваад явах уу гэдгийг төсөл боловсруулагчид ТЭЗҮ гарган тооцоолсон байлаа.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид хариулсан юм.  

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:  -Сэлэнгэ аймгийн Мандал сум цэвдгийн хэсэгт байдаг. Хэрвээ уул уурхай эрхлэх юм бол тархсан цэвдгийн горим өөрчлөгдөнө. Гацууртын алтны ордыг олборлоход гадаадын хөрөнгө оруулалт заавал шаардлагатай юу? Энэ ордын олборлолт, техник технологи энгийн. Монголчууд бүгдээрээ олборлоод авч явж чадах зүйл гэж ойлгож байгаа. Гуравдагч этгээдэд төлөх татвар гэж хэллээ. Гуравдагч этгээд гэж юу вэ?

 

Уул уурхайн сайд Р.Жигжид: -Бид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тогтоосон. Энэ хүрээнд цэвдэгтэй хэсгийг тогтоогоогүй юм билээ.Төрөлжсөн цэвдгийн судалгаа хийгээгүй юм шиг байна лээ. Шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулагч талуудаар судалгааг хийлгэнэ гэж тооцож байгаа. Энэ төслийн ногдол ашиг 34 хувь эзэмших хувилбараар тооцох тохиолдолд ТЭЗҮ-ээр нь авч үзвэл 38.1 сая ам.доллар гэсэн тооцоо гарч байгаа. Гэхдээ бил энэ хувилбарыг дэмжихгүй. Нөгөө хувилбараар нь явъя гэж байгаа. Энэ ордыг ашиглахын ач холбогдол их. Ашиглах гэж байгаа компани нь өмнө нь манайд үйл ажиллагаа явуулж байсан. Материалаг баазтай, уусган баяжуулдаг үйлдвэртэй. Ордоосоо олон км зайд байдаг. Канадын компани дэлхийд тэргүүлэх техник технологи эзэмшдэг.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  -Нийгэмд зөв ойлголт өгөх талд Засгийн газар сайн ажиллах хэрэгтэй байна. Өнөөдрийн Монгол Улсын хөгжил нь том том уул уурхайн төслүүдээ хөдөлгөсний хүч шүү дээ. Тусгай хамгаалалтад авах хэсгийг аваад, эдийн засгийн эргэлтэд оруулахыг оруулах хэрэгтэй. Газрын баялаг бол ард түмний өмч. Бид газрын баялаг ашигласны төлөө төлбөр авна гээд заачихсан байгаа. Ашигт малтмал ашигласныхаа төлбөрт улсад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өгдөг гэдгийг хүн бүхэн мэдэж баймаар юм. Үүнийхээ дараа аж ахуйн үйл ажиллагаа жинхэнэ ёсоор эхэлж байгаа юм. Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг УИХ-ын гишүүд ярилцаж байгаад оруулсан. Ашигтай ажилласан ч бай, ашиггүй ажилласан ч бай нөөц ашигласны тусгай роялти авахаар болсон. Одоогийн хувилбараар нөөц ашигласны тусгай роялти нь илүү байгаа юм. Нөхцөл байдалдаа тааруулаад шинэ дэвшилтэт, уян хатан, улсдаа ашигтай хувилбар гаргаж ирж байгаа нь зөв. Газрын тосны салбарт хувь авдаггүй хэрнээ жилд 280 тэрбум төгрөг орж ирдэг. Нутгийн иргэдтэй уулзаж байхад юу гэж үзэж байна вэ? Олдвор нь яаж гарсан бэ?

 

Уул уурхайн сайд Р.Жигжид: -Нийгэм хандсан ойлголтыг зөв болгох шаардлагатай гэдгийг хүлээн авч байна. Орон нутагт ажиллаж байгаа иргэдийн хувьд ажлын хэсэг 36 өрхөд  судалгаа хийсэн байна лээ. Судалгаагаар дийлэнх нь олборлолт явуулахыг дэмжсэн, эсрэг саналтай нь цөөн гарсан байсан. Гэхдээ тусгай сонирхолтой бүлгүүдийн мэдээлэл ч байдаг юм. Улс орны эдийн засаг хүндрэлтэй үед ордыг ашиглавал хэрэгтэй гэдгийг сайн ойлгуулвал дэмжигч иргэдийн тоо нэмэгдэнэ гэж ойлгож байна.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:  -Ашигт малтмалын тухай хуулиар хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул  хийсэн орд стратегийн ордод хамрагдсан тохиолдолд  төр 34 хувийг эзэмшинэ гэж заасан. Энэ хуулийн дагуу явж байгаа гэж ойлгож байна. УИХ дахь нам бүлгийн зүгээс Гацууртад төр 51 хүртэл, 100 хувь эзэмшинэ гэж яриад байгаа. Засгийн газрын тухайд хуулийнхаа хүрээнд оруулж ирсэн болов уу? Ордыг ашиглах хөрөнгө оруулалтыг үзээд компанийн асуудал нь тусгай ойлголт. Хуулийн хүрээнд хамтарсан компанийн хөрөнгө 100 мянган ам.доллар байхад хангалттай юм байна. 20 хувь эзэмшвэл 20  мянган ам.доллар, 34 хувь эзэмшвэл 34 мянган ам.доллар байна. Үүнийхээ оронд 34 хувь эзэмшээд 50-60 сая ам.долларыг ногдол ашгаар авах боломжтой гэсэн хувилбарыг гаргаж байсан. “Оюутолгой”-д хөрөнгө оруулалтын 60 хувийг компанийн өөрийн хөрөнгө болгоод, зээлийн хүү нь өсөхөөр өр зээл нь өсөх адгийн загвараар шийдсэн. Хэрвээ хувийн хэвшил бизнес хийсэн бол иймэрхүү зүйл хэзээ ч хийхгүй. Нэгэнт орд байгаа, тусгай зөвшөөрөл байгаа. ТЭЗҮ-ээ хийгээд явах асуудал. Орд ашиглаж байгаа нь энэ гээд өр зээл тавих хувилбараас татгалзана гэж байсан.Энэ хэвээрээ юу? Роялтийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар орлуулах тохиолдолд байдаг.

 

Уул уурхайн сайд Р.Жигжид: -Энэ хуулийн төсөл Монгол Улсын хуулийн дагуу өргөн баригдаж байгаа. Ашигт малтмалын хуулинд нийцсэн. Компанийн өөрийн хөрөнгийг бага байлгах талаар баримталж байгаа гишүүний байр суурийг дэмжиж байна. Гэхдээ хуулийн төсөл өргөн баригдсанаар Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр эзэмших загварыг хэрэгжүүлэх зорилготой явж байна. Хамтарсан компани үйл ажиллагаа явуулаад олон төрлийн  татвар хураамж төлөөд, дээр нь ногдол ашгаа авна. Эсвээс тусгай төлбөр авна гэсэн хувилбар сонгож байна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлсний дараагаар Гацууртын ордод төр хувь эзэмших тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулсан юм. Санал хураалтад байнгын хорооны 13 гишүүн оролцсоноос 10 нь буюу 73 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Жигжид гэдэг хүнд хувийн сонирхол байна уу үгүй юу улайраал зүтгүүлээд бх юм
2015-06-16