Ажил, амралтын цаг, цалингийн зөрүүг зохицуулсан
2015-06-16

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Тэрбээр хуулийн төслийг өргөн барихдаа “Одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

Уг хууль төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд нийцэж байсан боловч өнөөгийн хөдөлмөрийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцааны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлсэн найруулгын төслийг боловсрууллаа” хэмээн УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулсан юм.

 

Өргөн барьсан хуулийн төслийнх нь талаар С.Чинзориг сайдаас тодрууллаа.

 

-Хөдөлмөрийн тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байсан уу?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын зургадугаар сарын 2-ны хуралдаанаар  хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгаад УИХ-д өргөн барихаар тогтсон. Тэр дагуу өнөөдөр хуулийн төслөө өргөн барилаа. Манай улсад одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд батласнаас хойш 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулснаас өөр дорвитой шинэчлэл хийгээгүй. Гэтэл энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж,  хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулахад учир дутагдалтай болсон тулөнөөгийн цаг үетэй нийцүүлэх зайлшгүй шаардлага гарсан.

 

-Хуулийн төсөлд хэр олон талын санаа оноо тусч чадсан бэ?

-Манай яамнаас хууль боловсруулах ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд Засгийн газар, Эзэд болон Үйлдвэрчний байгууллага, эрдэмтэн судлаачид мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжил арга зүйн зөвлөгөөг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.  Бид хуулийн төслөө үндэсний хэмжээнд гурван удаа, хөдөлмөрийн харилцааны асуудлаар 10 гаруй сэдэвчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж тэндээс гарсан санаа оноог тусгасан.

 

-Хуульд цоо шинээр орж буй өөрчлөлт олон байгаа юу?

-Өмнөх Хөдөлмөрийн хуулиас 25 зүйл заалт хэвээр хадгалагдаж, шинээр 26 зүйл нэмж тусгасан. Юуны өмнө хуульд орж байгаа өөрчлөлттэй холбоотой хэдэн зүйлийг хэлэх нь зүйтэй байх.

 

Нэгдүгээрт, хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг одоогийн хуулиар заавал шүүхээр шийдвэрлүүлдэг нь хугацаа их орж, сунжирдаг. Тиймээс энэ төсөлд хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг заавал шүүх гэхгүйгээр эхний ээлжинд ажил олгогчийн эрх ашгийг хамгаалах Эздийн байгууллага, ажилтны эрх ашгийн Үйлдвэрчний байгууллагатай хамтран гургван талтаар  ярилцаж шийддэг байхаар тусгасан.

 

Энэ нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгож, аль болох анхан шатандаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, гарсан маргааныг зохицуулах байгууллагын бүтцийг оновчтой болгосон сайн талтай юм. Хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээг өргөжүүлсэн нь шинэчилсэн найруулгын нэг давуу тал. Ялангуяа албан бус хэвшилд ажиллаж байгаа хүмүүс, малчдыг хөдөлмөрийн харилцаа үүсч буй бол асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулж байхаар хуульчилж байна.

 

-Ээлжийн амралт, цалинтай холбоотой ямар заалтууд шинээр оруулсан бэ?

-Ажилтнуудын ажил, амралтын цаг, цалин хөлстэй холбоотой шинэ зүйл заалт хэд хэд орсон.  Ялангуяа уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүү их болсон. Гэтэл үүнийг манай хуулиар зохицуулах боломжгүй. Тиймээс адил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтанд ижил хэмжээний цалин өгдөг байх заалт оруулж байгаа.  

 

Одоо мөрдөж буй хуулиар хувийн хэвшлийн цалин хөлсний тогтолцоог зохицуулж чадахгүй байгаагаас цалин хөлс нь ажилтны ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялддаггүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст ур чадвараас нь хамаарсан мэргэжлийн зэрэг дэв олгодог, зэрэг дэвээсээ хамаараад ялгамжтай цалин хөлс авдаг байх заалтыг шинээр тусгасан.

 

Оюутан залуусыг цагаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой зүйлийг ч оруулсан. Оюутнуудад өдөрт  дөрвөн цагаас хэтрэхгүйгээр цагийн ажил хийхийг зөвшөөрч, ажлын хөлсийг тухай бүрт нь авдаг зохицуулалтыг  хуульчилж байна. Одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн хуулиар ажиллагсдын ээлжийн амралтын үндсэн хоног 15. Судалгаагаар үзэхэд Монгол Улс ээлжийн амралтын үндсэн хоног хамгийн багатайд ордог. Тиймээс  ээлжийн амралтын үндсэн хоногийг 20 байхаар өөрчилсөн.

 

-Ажилласан жилээсээ хамаарч амралтын нэмэгдэл хоног авдаг. Үүнийг ч мөн зохицуулсан уу?

-Ээлжийн амралтын үндсэн хоногийг хуульд зааж байгаа бөгөөд бусад нэмэгдлийг аж ахуйн нэгж байгууллагын дотоод журмаар шийдвэрлэдэг байхаар тусгасан.

 

-Хуулийн төслийг танилцуулах үеэр гэрээсээ хол ажилладаг хүмүүсийн ажил, амралтыг зохицуулсан заалт оруулж байгаа гэж байсан. Энэ нь хэнд хамаатай заалт вэ?

-Өмнөх хуулиар зохицуулагдахгүй байсан хоёр төрлийн шинэ харилцааг хуулийн төсөлд оруулсны нэг нь таны ярьж буй энэ асуудал. Гэрээсээ алслагдмал байдлаар тогтмол хугацаанд ажиллаж байгаа ажилчдын ажил амралтын цагийг зохицуулах боломж одоогийн мөрдөж буй Хөдөлмөрийн хуульд байхгүй. Аж ахуйн нэгжийн үзэмжээр шийдэгддэг.  Жишээлбэл, “Оюутолгой” гэхэд 28 хоног ажиллуулаад 14 хоног амраадаг  бол Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн “Алтай хүдэр” компанийн залуучууд 41 хоног ажиллаад 21 хоног амардаг. 

 

Тиймээс шинэчилсэн хуулийн төслөөр гэрээсээ алслагдмал байдлаар ажиллаж байгаа ажилтныг 21 хоног ажиллаад 14 хоног амардаг байхаар зохицуулалтыг хийж өгсөн.  Өөрөөр хэлбэл, уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуульд тусгаснаар үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах, ажилтны эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа.

 

-Өмнөх хуулиар зохицуулагдахгүй байсан өөр нэг харилцаа нь юу юм бэ?

-Хуулийн зохицуулалт байхгүй өөр нэг харилцаа нь хүний нөөцийн бодлоготой хамаатай юм. Гадны туршлага гэдгээр манай томоохон уул уурхайн компаниуд ажил олгогчийн хувьд ажилтнаа шилж сонгож авдаггүй. Энэ ажлыг хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаар гэрээгээр гүйцэтгүүлдэг болсон байна.  Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага байсан. Тиймээс нийт ажиллагсдынхаа 30-аас хэтрэхгүй хувийг хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг аж ахуйн нэгж байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх боломжтой гэсэн заалт оруулж өглөө.

 

-Хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлээр их ярьж байгаа. Ер нь хүүхэд болон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой шинээр орсон заалтууд бий юу?

-Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, үл ялгаварлан гадуурхах, хүүхдийн хөдөлмөрийг устгах, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг төсөлд тусгасан. Эдгээр хэм хэмжээг хуульд тусгаснаар Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орныхоо хувьд хүлээж буй үүргээ биелүүлэх, Европын холбооны GSP+ зэрэг гадаадын худалдааны тарифын хөнгөлөлтөд манай улс хамрагдах нөхцөл бүрдэх юм. 

 

Насанд хүрээгүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээг Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенцид нийцүүлэх зорилгоор хүүхдийн хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээг 15, хөнгөн ажил эрхлэх насыг 13 байхаар оруулсан.

 

Хуулийн төсөлд орж байгаа бас нэг шинэ заалт нь хүүхэд төрүүлсэн эхчүүдтэй хамаатай. Эхчүүдийг хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөө авахыг Хөдөлмөрийн хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх хууль байдаггүй учраас хүүхдээ асарсан энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй, ажилласан жил тасрахад хүрдэг. Тиймээс одоогийн шинэчилсэн найруулгаар хүүхдээ гурван нас хүртэл асарч буй эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлдөг байхаар оруулж байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүйтэй холбоотой төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж, үүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулахаар хуульчилсан гээд холбоотой заалтууд орсон байгаа. 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
дэмжиж байна
2015-06-17
Зочин:
Чинзориг гуай ээлжийн амралтын удаан жилийн нэмэгдэлийг заавал хуульчилж өгөх хэрэгтэй. Юу нь байгууллагын дотоод журам гэж. Дотоод журамыг хэн дуртай нь өөрчилж байна шүү дээ
2015-06-17
13456:
Туяагиийн бичснийг дэмжиж байнаЧинзориг сайдад амжилт хүсе
2015-06-17
tuya:
Уул уурхайд ажиллж байгаад өндөр нөсны тэтгвэртээ гарахад нөхөн олговор өгдөг Энэ нь үндсэн. цалингиийн 6 сарын цалинтай тэнцэх мөнгө өгдөг. Хуучин цалингиийн дунджаар агдаг байсан Вусад албан газруудын сар нь өндөр байдаг юм билээ дарга нь солигдохоор өөрчлөгдөгөөс болж ажилчид хохирдог. Ажлаа мэддэгүй дарга нар энэ мэтчилэн зардалаа хэмнэх нэрийдлээр ажилчдынхаа авах мөнгөнд таналт хиидэгээ болимоор юмЭнэ бол МОНГОЛРОСЦВЕТМЕТ нэгдэл ХХК-д Болорэрдэнэ захирал байхдаа хиисэн таналт одоо байгаа захирал Ганболд засна гэдэгт найдаж бна Чинзориг сайдад бас хандаж бна
2015-06-17
овоо шүү чинзоригоо наад хуулиа яаралтай батлуула:
компаний болон байгууллагын үзэмжээр гэхээр утгагүй байна харин хуучнаар нь жил заасан байдгийг нь үлдээвэл яасан юм бэ хамгийн чухал шийдвэр нь эмэгтэйчүүдийн асуудлыг тусгаж өгсөн нь болж байна хүүхдээ харлаа гээд улсын данснаас хасдаг тэгсэн мөртлөө хүн ам өслөө гээд шоу хийдэг хөгийн улс төрчид энэ мэтчилэн нүдээ нээж асуудлаа шийдмээр байна шүү дээ дэмжиж байна
2015-06-17
124527872:
Ажилтануудыг биш, ажил олгогч баячуудыг хамгаалах хууль болж байгаа юм бишүү. Амралтын нэмэгдэл хоногыг ажил олгогч дотоод журмаар зохицуулна гэхээр илүү хоног бараг олдохгүй гэсэн үг шдээ. Бөөн хэрүүл болох юм байна да
2015-06-16
Зочин:
дэмжиж байна
124527872:
Ажилтануудыг биш, ажил олгогч баячуудыг хамгаалах хууль болж байгаа юм бишүү. Амралтын нэмэгдэл хоногыг ажил олгогч дотоод журмаар зохицуулна гэхээр илүү хоног бараг олдохгүй гэсэн үг шдээ. Бөөн хэрүүл болох юм байна да
2015-06-16
124527872:
Ажилтануудыг биш, ажил олгогч баячуудыг хамгаалах хууль болж байгаа юм бишүү. Амралтын нэмэгдэл хоногыг ажил олгогч дотоод журмаар зохицуулна гэхээр илүү хоног бараг олдохгүй гэсэн үг шдээ. Бөөн хэрүүл болох юм байна да
2015-06-16