Парламентыг залилахаа боль
2015-06-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.  Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт  Уул, уурхайн сайд Р.Жигжид хариулав.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Гацууртын орд олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал. Сүүлийн үед Монголын эдийн засгийг яаж сэргээх вэ гэдэг ганцхан асуулт байна. Ганцхан хариултад авъя гэх юм. Энэ том асуултад ганцхан хариулт хэлэхэд хэцүү. Өчигдөр гэхэд” Мөнх дайчин нөхөрлөл” нийгэмлэг, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” гэх зэрэг төрийн бус байгууллага УИХ-ын даргад мэдэгдэл өргөн барьсан. Монголчууд булш бунхнаа ухахыг цээрлэж ирсэн ард түмэн. Байгаль орчин, түүхээ хамгаалах, соёл дурсгалын зүйлээ хамгаалах асуудал иргэдийн цусанд шингэсэн байдаг. Үүнд би санаа зовж байгаа учраас дэлхийн түүх дурсгалын өвд орсон Ноён уулыг хөндөхгүй байна гэдэг баталгааг сонсмоор байна.

 

-Мөнх цэвдэг, Хүннүгийн булш бунхныг хөндөхгүй байх талаар Ноён уулыг тусгай хамгаалалтад авахаар  хэлэлцэж байгаа. Энэ бүс нутагт түүх дурсгалын зүйл байгаа эсэх талаар мөн судалгаа явуулсан. Гацууртын ордын талбай орчин мөнх цэвдгийн тархалт тасалданги алаг цоог байна.

 

БОНХАЖ-ын сайд н.Тулга:

 

-Нийтдээ 180 км.кв талбайг хамруулсан төмөр замын транстийн дагуу хийсэн. Гацууртын гадна 5, дотор талбай дотор 5 археологийн олдвор олсон. Харин Гацууртын орд дотроос ямар нэг түүхэн дурсгал илрээгүй. Хүннүгийн үеийн Бороогийн суурь нь Гацууртаас зайтай, дурсгалд сөрөг нөлөөлөл байхгүй. Харин гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаа сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Алтан зааны яс, хөхтөн амьтан  тухайн ордын орчмоос гараад байгаа юм гэнэ. Тони Блэйрийн Монголд хийсэн айлчлал үүнтэй холбоотой гээд гаднын хэвлэлүүд бичээд байна. Яагаад Засгийн газар гишүүдийг мэдээллээр хангахгүй байна вэ? Энэ чинь орон нутгийн тусгай хэрэгцээнд байгаа газар. Сэлэнгээс нэр дэвшин гарч ирсэн гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат хаачив аа. Ноён гэдэг чинь их утга учиртай. Эцэг өвгөдийн булш шүү дээ. Булшаа ухаж амьдрахаас өөр аргагүй болсон уу?

 

-Энэ төсөл хэрэгжсэнээр Засгийн газрын тооцоолсноор 265.6 сая ам.доллар орж ирнэ. Нийтдээ 451.6 сая ам.долларын төлбөр татвар орно. Голлох татвар нь 250.6 сая ам. доллар юм. Олборлолт явуулах талбайд одоогоор түүх соёлын дурсгал, булш илрээгүй гэдгийг тогтоогоод байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл орон нутгийн хэрэгцээнд ороогүй юм билээ.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Гацууртын орд Урт нэртэй хуулийн хил хязгаарт багтаж байсан. Гэтэл  Гацууртын ордыг ашиглахад хуулийн хүрээнд баригдаад байна. Үүнийг стратегийн ордод хамруулж өгөөч. Бид ногдол ашгийг нь өгч, холбогдох татвараа төлнө гэж Гацууртынхан хэлж байсан. Одоо 34 хувийг эзэмших эсвэл ногдол ашгийн татвар авах асуудал яригдаж байна.  Энэ асуудалтай холбоотой 10 мянган иргэдийн гарын үсэг, утасны дугаартай бичиг надад ирсэн. Иргэд ордоо ашиглуулахыг дэмжихгүй байна. Гэтэл сонгогдсон УИХ-ын гишүүд нь ашиглах ёстой гэж яриад байдаг. Нөөц ашигласны тусгай зөвшөөрлийг авна гээд байна. Гэтэл бага хэмжээний татвар авч баялгаа өгөөд явуулах нь зүйд хэр нийцэх вэ?

 

-Энэ удаад Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг оруулж ирсэн. Засгийн газраас төрийн эзэмшлийн хувийг 34 хувь байхаар санал болгосон. Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хайгуулж хийж, нөөцийг нь тогтоосон. Хоёрдугаарт тусгай ногдол ашгийг авах хэлбэрээр явъя гэж байгаа. Тусгай төлбөрийн хэмжээ 5 хүртэл хувь байдаг. Манайх ярилцаад 3 хувийн тусгай төлбөр авъя гэсэн. Энэ нь дээд хэмжээ юм. 3 хувь эзэмшээд явахад 265.1 сая ам.доллар байна. Тусгай төлбөр эзэмшээд явахад эдийн засгийн хувьд шууд нөлөөтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

 

-Стратегийн ордод оруулсны дараагаар 20 хувийг нь зүгээр өгчихье гэж байсан этгээд одоо 34 хувийг эзэмшээд яв гэж байна. Яагаад заавал энэ этгээдүүдтэй гэрээ хийгээд явах хэрэгтэй гэж. Гэрээндээ 20 хувийг эзэмших асуудал тусгасан уу?  Гэрээ хийж байгаа мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар дутуу байна уу? Мэдээж 10 жилийн дотор 70 тонн алтыг авахгүй. Орчин үеийн аварга техниктэй үед 3-4 жилийн дотор ухаад аваад явна. Монголын төрд дэлхийн бүхэл бүтэн үзэл суртлын аппарат ажилладаг болсон байна. Бид ямар өртэй юм бэ? Би ёсзүйгүй загнадаг “Сэнтерра гоулд”-ын соёлгүй байдлыг ярих хэрэгтэй. Яагаад парламентыг залилаад байна.

 

-Стратегийн ордод хамруулах, 20 хувийг эзэмших асуудал яригдаж байсан. Дараагаар нь заавал төр 34 хувь эзэмших ёстой юу, ногдол ашгаа эзэмшээд явъя гэсэн. Ажлын хэсгийнхэн цаад талын барьцаанд орсон зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардчилсан намын новшнууд АВИЛГАА АВЧИХААД Л ЗҮТГҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ ШДЭЭ.
2015-06-18