Асрамжийн газрын хүүхдүүд автобустай боллоо
2015-06-18

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын харьяа “Од” зусланд очиж нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга багачуудад өөрийн гарын бэлгээ гардуулж, асрамжийн газрын үйл ажиллагаанд зориулан хүүхдийн автобус, Австрийн Элчин сайдын яамнаас хандивласан дарсыг “Венийн Үдэш” цэнгүүний үеэр дуудлага худалдаагаар борлуулж, цуглуулсан 1 сая төгрөгийг хандивлалаа.


Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Сургуулийнхаа, нийслэлийнхээ нэр хүндийг өргөж яваа та бүхэндээ баярлалаа гэж хэлэхээр бид зорин ирсэн юм. Саяхан зохион байгуулсан “Венийн Үдэш” арга хэмжээнд Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын үлээвэр хөгжмийн хамтлаг идэвхитэй оролцож өөрсдийн ур чадвараа харуулж, хичээл номдоо чамдан амжилттай суралцаж, олон авьяастай хүүхдүүд Та бүхний дундаас гарч байгаад бахархаж байна. Хотын захиргаа Та бүхнийг дэмжиж ажиллана” гэв.


Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн “Хүүхэд багачууд маань олон зүйл сурч байгаад бид маш их баяртай байна. Эх орондоо ихийг бүтээх иргэдийг төлөвшүүлж хөгжүүлэхийн төлөө манай цогцолборын хамт олон тэмүүлэн ажилладаг. Бидний зорилгыг биелүүлэхэд гүн дэмжлэг үзүүлдэг байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин