82 хүүхэд хүнд, хөнгөн гэмтжээ
2015-06-18

Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас энэ оны эхний таван сарын байдлаар 15 хүүхэд нас барж, 82 хүүхэд хүнд, хөнгөн гэмтэл авчээ.

 

Хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, суудал өндөрсгөгч, суудлын бүс тохируулагчийг хэрэглэж хэвшээгүй, эцэг эхчүүдийн хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу үлгэр дуурайлал нөлөөлөхөөс гадна,  хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа сайтар хангадаггүйгээс осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

 

Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, стандартын шаардлага хангаагүй мотоциклийг эрхийн үнэмлэхгүй хэн дуртай нь унаж буй нь зам тээврийн ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах, аливаа эрсдэлд орох нөхцлийг бүрдүүлж  байгааг Замын цагдаагийн газраас онцоллоо. Түүнчлэн  жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, сахилгагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлж байгаа юм.

 

Хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол хэргийн гаралт нэмэгдэж хүний амь нас эрүүл мэнд хохирч байгаа байдал, замын хөдөлгөөнд оролцогчдын дэг журам зөрчигчид, амралт зугаалга, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газраас орон нутгийн замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж эхлээд байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин