Драмын театрынхан дүүргүүдэд тоглож байна
2015-06-19

 Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Монголын төрөөс баримтлаж буй соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх, хотын төвөөс алслагдсан иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор “Хот орчим”-ын аялан тоглолтыг зохион байгуулж эхэлжээ.

 

Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Багануур дүүргээс аялан тоглолтынхоо "салхийг хагласан" бол өнөөдөр Хан-уул дүүргийн Соёлын ордонд тоглох гэж байна.

 

Харин Баянзүрх дүүргийн Жанжин клубд энэ сарын 22-нд тоглох бол энэ сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Соёлын ордонт тус тус тоглохоор бэлтгэл ажлаа хангажээ.

 

“Хот орчим”-ын аялан тоглолтын хөтөлбөрт Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжгээ 50% хүртэлх хөнгөлөлттэй үнээр толилуулахаас гадна, уран бүтээлчид үзэгчдийн уулзалт ярилцлага зохион байгуулах, үзэгчдийн санал сэтгэгдлийг авах зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

 

Дээрх шинэ уран бүтээлийн хувьд манай театрын урын санд шинээр нэмэгдэж байгаа гурван бүлэгт уянгын драмын жүжиг юм. Жүжгийн найруулагчаар урлаг судлалын ухааны доктор, профессор, УГЗ Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор СГЗ Л.Балхжав ажилласан бөгөөд дүрүүдэд МУАЖ С.Сарантуяа, МУСТА Г.Отгонцэцэг, Д.Баттөмөр, Ц.Цэрэнболд , Б.Тамир нар тоглож байгаа юм байна.

 

Тухайн жүжигт хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх боловч хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэн, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрлээр даван туулж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүлнэ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин