Обамагаас болж олон дайсантай болсон
2015-06-22

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших хүсэлтэй байгаа Флорида мужийн Засаг дарга асан Жеб Буш өчигдөр дэмжигчидтэйгээ уулзсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааг буруутгаж, “Обамагийн засаг барьсан долоон жилийн хугацаанд АНУ хэтэрхий олон дайсантай болсон. Ойрхи Дорнод бүхэлдээ АНУ-ыг их хямралдаа буруутгаж байгаа. Обама Ерөнхийлөгч болсноосоо хойш өнөөдрийг хүртэл бие даасан шийдвэр гаргаж, Конгрессийг хүчгүй, сул дорой болгож, Бүгд найрамдахчуудыг хооронд нь хагаралдуулж, дундаас нь ашиг оллоо. Обама АНУ гэлтгүй олон улсад эрхээ тогтоохын тулд нэгдсэн улс нэрийдлээр цэрэг хөдөлгөж, энгийн иргэдийн амь насанд заналхийлж байгаа. Бидэнд дайсан хэрэггүй. Би Ерөнхийлөгч болбол эдгээр дайснуудыг найзаа болгож, АНУ-ын нэр хүндийг өргөхийн тулд бүхий л бололцоогоо ашиглах болно. Обамагаас болж АНУ хэтэрхий олон дайсантай болсон. Энэ бол үнэн. Бид үнэнг өөрчилж чадахгүй. Би үнэн зүйлийг үнэнээр ярих дуртай” гэж хэлжээ.

 

Бага Буш мөн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтонг төрийн тэргүүнээр сонговол Обамаг дахин сонгосонтой утга нэг хэмээн дэмжигчидтэй сануулж “Обамагийн хамгийн ойрын хүн бол хатагтай Клинтон. Тиймээс энэ хатагтайгаас болгоомжлох хэрэгтэй” гэсэн байна.

 

Нэр дэвшигчийн аав Буш АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч бол төрсөн ах Жорж Буш нь 43 дахь Ерөнхийлөгч юм. Хэрвээ Жеб Буш Ерөнхийлөгч болбол аав, ах хоёрынхоо дуусгаж чадаагүй Ойрхи Дорнодын дайныг цэглэж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин