Мах экспортлох асуудлыг шийдвэрлэнэ
2015-06-22

 

Сүүлийн үед  нөхөн  сэргээгддэг баялаг  болох  хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлож, эдийн засгийн эргэлтэд оруулах  тал дээр салбарын яамны зүгээс ихээхэн анхаарч байгаа. Энэ хүрээнд БНХАУ-ын талтай тодорхой тохиролцоонд хүрч  цаашид мах экспортлох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр  ХХАА-ын дэд сайд Б.Батзориг тэргүүтэй холбогдох албаны  хүмүүс Сүхбаатар аймгийн Бичигт боомтод ажиллаж байна.

 

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд юуны түрүүнд хил боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж. Иймээс энэ сарын 21-27-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хил боомтын дарга Гуо Ган болон Хорио цээрийн газрын дарга Жан Шаотун нартай албан уулзалт хийж, хоёр талын боомтуудын  үйл ажиллагаатай  танилцан,  асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

 

 

Ургамлын үр, үрслэг, суулгац, мал, амьтан болон үржлийн мал экспортлоход Сүхбаатар аймгийн Бичигт, Дорнод аймгийн Баянхошуу боомтыг нэмсэнтэй холбогдуулан эдгээр боомтоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж  ч бас нээгдсэн. Тиймээс Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрүүд хийгдэж эхэлсэн байна.

 

Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаан, Бичигт-Зүүн хатавч боомтуудад хорио цээрийн хяналт явуулах хүчин чадлыг бий болгох, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дээрх боомтуудаар экспортлох саналыг Хятадын талд тавьж, ойрын хугацаанд хамтран шийдвэр гаргахаар ажиллаж байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин