“Би Жи групп”-тэй газрын тосны хайгуул хийх гэрээг үзэглэлээ
2015-06-22

 

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, Их Британийн  “Би Жи групп”, Петроматад группын “Капкорп лимитед” охин компанийн хооронд газрын тосны хайгуулын Богд IV, Онги V талбайн фарм-аунтын гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

 

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, дэд сайд Г.Тэмүүлэн, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Их Британи, Умард Ирландийн Нэгдсэн вант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жейн Арнолд, “Петро матад” компанийн ТУЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, доктор Ж.Оюунгэрэл, “Би Жи” группийн олон нийттэй харилцах албаны менежер Роб Макайр нар оролцсон юм.

 

2014 оны долдугаар сарын 1-ний өдөр батлагдсан Газрын тосны тухай хууль болон Засгийн газраас баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварт нийцүүлэн газрын тосны хайгуулын Богд IV, Онги V талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, “Сентрал азиан петролиум корпорейшн лимитед” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг “Би Жи Монголиа Холдинг лимитед” компанид хэсэгчилэн шилжүүлэх эрхийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 172 дугаар тогтоолоор олгосны дагуу энэхүү гэрээг байгуулж байгаа аж.

 

Газрын тосны хайгуулын Богд IV талбай нь Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудын нутгийг хамарсан 28998,6 км.кв, Онги V талбай нь Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутгийг хамарсан 21148,7 км.кв хэмжээтэй газар нутгийг хамрах юм байна.

 

Энэхүү гэрээний дагуу Богд IV, Онги V талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүргийн 78 хувийг “Би Жи Монголиа Холдинг лимитед” компани, 22 хувийг “Сентрал азиан петролиум корпорейшн лимитед” компани эзэмших аж.

 

2015-2016 онд 23.4 сая ам.долларыг “Би Жи Интернейшнл лимитед” компани санхүүжүүлнэ. Карпорп Монголиа ХХК энэ хөрөнгө оруулалтаар дээрх хоёр талбайд 2000 тууш км 2 хэмжээст хүчирхийллийн судалгаа, 11000 км.кв талбайд агаарын бүрэн хэмжээст градиометрийн судалгаа хийх, стратиграфийн дөрвөн цооног өрөмдөхөөр төлөвлөсөн байна.  

 

Их Британийн “Би Жи групп” буюу “Бритиш газ” групп нь байгалийн хийн хайгуул, олборлолт, шингэрүүлсэн хийн нийлүүлтээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд 45 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй, олон улсын эрчим хүчний бизнесийн чиглэлээр таван тивд үл хөдлөх хөрөнгөтэй гэнэ. Мөн 23 улсад үйл ажиллагаа явуулдаг, 70 гаруй үндэстний 5200 гаруй ажиллагсадтай, 15 жилийн хугацаанд Индонез, Их Британи, Казакстан, Австрали, Египет, Танзан, Болив, Бразил улсад 500 сая баррелиас их нөөцтэй, 15 том орлыг илрүүлсэн туршлагатай гэдгийг энэ үеэр танилцуулсан юм.

 

Дэлхийн топ компани манайд хөрөнгө оруулж байгаа нь маш сайн

 

Энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Өнөөдөр Английн “Бритиш газ” компанитай бүтээгдэхүүн хуваар гэрээг үзэглэлээ. Энэ гэрээний талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Английн “Бритиш газ” компани “Сентрал азиан петролеум корпорэйшн”-ийн газрын тосны хайгуулын “Богд-IV”, “Онги-V” талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 78 хувийг шилжүүлж авах шийдвэр гарсан. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдэр өнөөдөр ажил хэрэг болж байгаад бид баяртай байна.

 

Учир нь барууны томоохон компани биднийг сонирхсон нь эрх зүйн орчин сайжирч буйтай холбоотой. “Бритиш газ” компанийн хувьд дэлхийн 23 оронд газрын тосны олборлолтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Мөн сүүлийн 10-аад жил эрсдэл өндөртэй 15 төсөл дээр ажилласан байдаг. Тэрхүү төслүүдийн 14 нь амжилттай хэрэгжсэн. Манай улсын хувьд өндөр эрсдэлтэй орны тоонд багтдаг. Тиймээс туршлагатай компани орж ирж байгаа нь сайн хэрэг.

 

-Энэ компани манай улсад хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг ямар хугацаанд хийх юм бэ?

-Гэрээгээр нийт 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Энэ онд 13.6 сая, ирэх онд 13 сая ам.долларыг хайгуулын ажилд зарцуулна. Мөн 1.4 сая ам.долларыг Засгийн газарт төлөх төлбөрт зарцуулах болно. Хамтран ажиллах гэрэний дагуу “Богд-IV”, “Онги-V” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийн 22 хувийг  “Сентрал азиан петролеум корпорэйшн” компани эзэмших бөгөөд уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, үүрэг 100 хувь “Сентрал азиан петролеум корпорэйшн” компанид үлдэнэ.

 

-“Бритиш газ” компанийг өөр компани авах гэж байгаа тухай яриа байна. Хэрэв энэ компани худалдагдвал манай улстай хийсэн гэрээ хэрхэх вэ?

-Саяхан “Бритиш газ” компанийг “Роял Датч Шелл” авахаар хэлэлцээ хийж эхлээд 70 тэрбум ам.доллараар үнэлсэн юм билээ. Энэ нь ойролцоогоор 1-2 жил орчим үргэлжилнэ. Энэхүү хэлэлцээ болон бусад зүйл бидэнд нөлөөлөхгүй. Хэрэв “Роял Датч Шелл” компани “Бритиш газ”-ыг худалдан авлаа гэхэд бидэнд бүр ч ашигтай. Учир нь дэлхийн топ компани манайд хөрөнгө оруулж байгаа нь гадаад орчинд маш сайн мэдээлэл болно. Манайд урд хөршийн томоохон компани ажиллаж байгаа.

 

-Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд “Увс-1” талбай дээр гэрээ байгуулсан талаар мэдээлэл өгвөл?

-Дээрх гэрээнээс гадна бүтээгдэхүүн хуваах гэрээний зөвшөөрөл гарсан. Эхнийх нь “Увс-1” талбай дээр Хонгонгийн хөрөнгө оруулалттай “Увс петролиум” компани шалгарсан. Мөн “Хэрлэн тохой-28” талбай дээр Хонгонгийн “Хонгонг Вэллэк” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Манай салбарын хувьд хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.

 

Тухайлбал, “Увс-1” талбайд найман жилийн хугацаанд 847 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. “Хэрлэн тохой-28” талбай дээр 81 сая ам.долларыг оруулах юм. Энэ хоёр үнийн дүнгийн зөрүү өндөр харагдаж магадгүй.

 

Учир нь “Увс-1“ талбайд олборлолт хийх төлөвлөгөөг оруулсантай холбоотойгоор хөрөнгө оруулалтын дүн өндөр гарсан байгаа юм. Мэдээж олборлох эсэхийг судалж байж шийднэ. Энэ мэт томоохон хэлцэл хийж, манай салбарын хувьд хайгуул, олборлолтын ажил эрчимжих хандлагатай боллоо.

 

-Энэ жилийн ажлын төлөвлөгөөний талаар?

-Энэ жил 1.050 сая тонн түүхий тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байна. Төлөвлөгөөний биелэлт биет байдлаараа сайн байгаа хэдий ч орлого талдаа 30-40 хувиар тасалдсан. Энэ нь тосны үнэ буурсантай холбоотой. Өнгөрсөн жилийн төсвийн тооцооллыг хийхдээ тухайн үеийн ханшийн дунджаар бодсон.

 

Өөрөөр хэлбэл, 60-110 ам.долларын хэлбэлзэлтэй байсан учраас 90 ам.доллар байхаар төсөөлсөн юм. Гэтэл энэ жил 40 болтлоо унасан. Гэхдээ сүүлийн өдрүүдэд бага зэргийн өсөлттэй байгаа. Энэ жил улсын төсөвт 286 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Бидний одоогийн тооцооллоор оны сүүлчээр 210 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэж харж байна.

 

-Эдийн засаг нь хүндэрсэн, валютын ханш нь өсч байсан ч шатахууны үнэ өсөлгүй гурван жил орчим болсон. Энэ нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн үү. Эсвэл та бүхний хийж буй гэрээ хэлцэлтэй холбоотой юу?

-Тиймээ шатахууны үнэ өсөлгүй гурван жил болж байгаа. Хэдийгээр гадаад болоод дотоод орчин тааруу байсан ч хөнгөлөлттэй зээл, валютын ханшийг тогтворжуулах хэлцэл хийсэн. Мөн гадна талын эх үүсвэртэйгээ маш сайн хэлцэл хийснээр 200-300 ам.долларыг бууруулж чадсан. Мэдээж бизнес хийж байгаа компани ашгаа бодно. Хэлцэл хийж байх явцдаа бид маш сайн баг болж ажилласны үр дүн гарч байгаа хэрэг.

 

Учир нь гэрээ хэлцлийн явцад Сингапурын биржийн үнэ, нэмэх нь тээврийн зардал гэж тохиролцсон. Тиймээс үнэ харьцангуй буурсан гэж харж байгаа. Мөн бидний гаргаж байгаа тосны давуу талаа ч ашигласан. Хэдийгээр сайн хэлцэл хийж чадсан ч боловсруулах үйлдвэрлэлд цохилт болсон Яагаад гэвэл гадаад талаас авч байгаа шатахууны үнийн зөрүү 400-500 ам.долларын зөрүүтэй байсан нь өндөр ашиг олж болох мэтээр харагдаж байсан.

 

Тэр үед хэн ч хамаагүй газрын тосны зөвшөөрөл авдаг байлаа. Харин одоо боловсруулах үйлдвэрийн тухай ярихаа больсон. Өндөр эрсдэлтэй салбар учраас татвар төлөгчдийн мөнгөөр үйлдвэр барих боломжгүй. Хувийн хэвшлийнхний тухайд ч ялгаагүй ТЭЗҮ болон бусад судалгаагаа дахиж хийх шаардлагатай.

 

Ер нь нэг үеэ бодвол бид хос морьтой болсон. Өмнө нь зөвхөн нэг талаас хамааралтай байсан бол өдгөө нөгөө тал руу нь газрын тосоо гаргаад шатахуун авах боломжтой болчихсон шүү дээ.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uvs -1 talbai ni ali sumiig ustgah bol oo ????
2015-06-23