Грект сарын сүүлч хүртэл боломж олгов
2015-06-23

Белгийн нийслэл Брюсель хотноо Европын холбооны удирдлагууд Грекийн эдийн засгийн хямралын асуудлаар хуралдаж, тус улсад дахин боломж олгох эсэх асуудлаар ярилцаж байна. Уулзалтын эхэнд тэд Грекийг 11 цагийн дотор Европын холбооноос зээлсэн 1.6 тэрбум еврог эргүүлэн өгөхийг шаардаж, дахин хугацаа олгохоос татгалзсан билээ.

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Германы Канцлер Ангила Меркелийн хүсэлтийн дагуу уулзалтад оролцож буй эрхмүүд хаалттай хуралдаанд орсон бөгөөд эцсийн байдлаар Грект дахин боломж олгохоор болжээ. Грекийг 2015 оны зургаадугаар сарын 30-ны 23.30 минутад Европын холбоо болон Евро комисс, Олон улсын валютын сан, Европын төв банкаас зээлсэн 7.2 тэрбум доллароо эргүүлэн өгөх ёстой гэж шийдвэрлэсэн байна.

 

Энэ хугацаанд Европын холбооны тусгай комисс Грект хяналт тавьж ажиллах юм. Гэхдээ дээрх саналыг Европын төв банк хүлээн авахаас татгалзаж, “Бид өгсөн. Одоо хугацаандаа мөнгөө эргүүлэн авахыг хүсч байна” гэж мэдэгджээ.

 

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас хэвлэлийнхэнд “Бид бүхий л бололцоог ашиглаж байна. Мэдээж хэрэг бүх өрөө өгөхөд эргээд Грекийн ард түмэн санхүүгийн эрсдэлтэй нүүр учрах болно. Бид тийм ч их яарахгүй байна. Хамгийн гол нь Грекийн хямралаа гэтлэх ганцхан боломж бол зээлдэгчидтэй тохиролцоонд хүрэх” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин