Улаанбаатар
С.Батболд АХБ-ны төлөөлөгчтэй уулзжээ
2015-6-23

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд өнөөдөр /2015.06.23/ Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэлхаммер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд ноён Роберт Шоэлхаммер Байнгын хорооны дарга С.Батболдыгцаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсад “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслүүдийн танилцуулгыг хийв.

 

 

Тэрээр Монгол Улсын эдийн засгийн голлох салбарын нэг болсон хөдөө аж ахуйн нөөц боломжийг ашиглахын тулд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэх хэрэгцээнд үндэслэн “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн” төсөл нь 2009 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийг үргэлжлүүлснээр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөрш орнуудын өртөг багатай, бүтээмж өндөртэй үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний, экологийн цэвэр, байгаль орчинд хоргүй үйлдвэрлэл зэрэг онцлог чанарыг “брэнд” болгон сурталчилж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээл дээр өндөр үнэтэй худалдаалах боломжийг бүрдүүлэх нь төслийн гол зорилго гэдгийг танилцууллаа.

 

 

Мөн хоёр дахь “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийн гол зорилго нь мал, ургамлын эрүүл ахуйн хяналт шалгалтын тогтолцоог Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагын түвшинд хүргэж улмаар мал, ургамлын гаралтай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний импорт болон экспортыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд хэлэхдээ, Азийн хөгжлийн банк манай оронд олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлж, хэрэгжүүлж ирсэн ба Монголын хөдөө аж ахуйн салбар бол уул уурхайн салбарын дараа орох ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх ач холбогдолтойг онцлов.

 

 

Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн газрын Хөдөө аж ахуй, хүрээлэн байгаа орчин, байгалийн нөөцийн хэлтсийн Байгалийн нөөцийн эдийн засагч Такеши Уеда болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин