Хоригдлуудыг 1800 цагдаа хайж байна
2015-06-23

Чанга дэглэмтэй хорих ангиас энэ сарын 6-нд 49 настай Ричард Матт, 35 настай Дэвид Свеат нар оргосон юм. Тэднийг өнөөдрийг хүртэл эрэн сурвалжилж байна. Хоригдлуудын ДНК-г хорих газраас холгүй байрлах модон байшингаас олсон тул цагдаа хүчнийхэн 17 хоногийн турш самналт хийж буй аж. ДНК олдсон байшингаас 40 орчим насны нэг эрэгтэй гарч явсныг гэрчүүд баталж байгаа юм. Эрэн хайх ажиллагаанд Нью Йорк хотын 1800 цагдаа оролцож байна. Ричард Матт 1997 онд хүн амины хэргээр 25 жилийн ял сонссон бол Дэвид Свеат бүх насаараа хорих ялаар шийтгүүлжээ.

 

Нью Йорк хотын цагдаагийн газрын түрүүч Чарльс Гесс “Дуудлагын дагуу ирсэн байшингаас онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн ДНК олдсон. Гэхдээ бид аюулгүй байдлын үүднээс шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлэхгүй” гэж хэлжээ. Өдөр тутмын “New York Times” сонинд “ДНК олдсон байшингийн ар талаас хоригдлуудын өмсч явсан богино өмд болон нэг ширхэг тамхины иш олдсон” гэж бичжээ.

 

Хоригдлууд энэ сарын 6-нд хоригдож байсан өрөөнийхөө ханыг нүхэлж, агааржуулагчаар дамжин зугтаасан юм. Тэднийг оргосныг хоёр цагийн дараа харгалзагчид мэдэж, түгшүүр зарлажээ.  Цагдаагийнхан ойролцоогоор 480 км-ийн бүсэд нэгжлэг хийсэн байна. Мөрдлөгийн явцад хоригдлуудтай холбоотой байсан шоронгийн ажилтан Жоис Мичелл гэгчийг баривчилжээ. Бүсгүйг хоригдлуудыг оргоход тусласан хэмээн буруутгаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин