Төрийн ордны барилгыг шинэчилнэ
2015-06-23

 

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү танилцуулга хийсний дараа гишүүдийн асуултад хариулсан юм. Хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гарсан байна.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой газраа өмчилсөн иргэд татгалзвал яах вэ?

 

Нийслэлийн Засаг даргын орлогч н.Очирбат:

 

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ асуудал гарсан. Өнөөдрийн байдлаар иргэдийн 75 хувь нь төсөл хэрэгжүүлэгчийг дэмжсэн тохиолдолд иргэдийн оролцоотойгоор  батлуулж байгаа. Энд хэлэлцэж байгаа хуулиар иргэдийн 80 хувь нь дэмжсэн тохиолдолд газар чөлөөлөх асуудлыг нөхөх олговортой явуулахаар тусгасан байгаа. Иргэн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандах нь чөлөөтэй. Нөхөх олговортойгоор шүүхэд хандаж болно.

 

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Хотыг дахин хөгжүүлэх ажил хэр явцтэй байна вэ? Хөдөө орон нутгаас жилдээ 30 гаруй мянган хүн нүүж ирж байна. Хүн амын өсөлттэй уялдуулж хөгжлийн бодлогоо зохицуулж байгаа байх.

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч н.Очирбат:

 

 

-Улаанбаатар хотыг 2030 онд хүртэл хөгжүүлэх УИХ-ын тогтоол батлагдсан. Өмнө нь Засгийн газар нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө батлаад, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэдэггүй байлаа. Холбогдох шаардлагатай хөрөнгийг тухайн жилийн төсөвт тусгаж байсан. Харин УИХ  баталдаг болсноор 25.4 их наяд төгрөгийг олон улсын байгууллага, гадаад, дотоодын зээл тусламж, хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэнэ гэсэн. Тийм учраас бид ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орсон. Өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны 320 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж байна.  Ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотыг 8 дэд төвтэйгээр хөгжүүлэх ажил тусгагдсан. Үүний хоёр дэд төвийг нь хэрэгжүүлээд эхэлж байгаа. Баянхошуу, Сэлбэ дэд төвд инженерийн шугам сүлжээ барьж, байгуулах ажил бодитой эхэлсэн.  Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөг анх удаа баталснаар олон шатлалт зээлийн  системийг Азийн хөгжлийн банк  нээж өгсөн. Тийм учраас хотын ерөнхий төлөвлөгөө бодитойгоор хэрэгжих боломж нөхцөл бүрдсэн. Дахин төлөвлөлт хэрэгжиж байна гэдэг нь хотхон хороолол хөгжих  бодит нөхцөл бүрдэж байна. Хөгжлийн банкны хөрөнгөөр мөн инженерийн шугам сүлжээ барих ажил хийгдэж байгаа.

 

Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодит хүчин зүйл нь механик хөдөлгөөн. Хүн амьдрах  орчноо өөрөө сонгоно гэдэг Үндсэн хуулийн заалт бий. Харин Иргэний бүртгэлийн тухай хуулинд зохицуулж бүртгэж авна гээд заасан байгаа. Бид үүнийг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Тиймээс цаашид шилжин ирж байгаа иргэн хотод амьдрах байр сууцтай, ажлын байртай байх шалгуур тавигдана.

 

Газрын өмчилсөн нь дахин төлөвлөлтөд нэг талаар саад болж байгаа ч нөгөө талдаа иргэн өмчилсөн газраа орон сууцаар солих, мөнгөөр арилжих зэрэг эдийн засгийн эргэлтэд оруулж байна.

 

Одоо бид хотын дахин төлөвлөлтийг зах зээлийн шинэ нөхцөлд хийх гэж байна.Дахин төлөвлөх газрынхаа 70 хувьд нь барилга, 30 хувьд нь автозогсоол, ногоон байгууламж төлөвлөнө гэж заасан. Дахин төлөвлөлтийн хүрээнд ногоон байгууламж нэмэгдсэн.

 

 

Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү:

 

-Хотын төлөвлөлт буруу байсантай холбоотой норм нормативийн дагуу барилга, автомашин, ногоон байгууламжийг иж бүрнээр нь  барих асуудлыг шийдэхгүй явж ирсэн. Энэ хууль батлагдсанаар дээрх асуудал шийдэгдэнэ. Орчны барилга байгууламжийг цогцоор нь байгуулна гэж хуулинд заасан байгаа. Шинээр баригдах барилга байгууламж иргэдийн өмнө тулгамдсан бүх хүндрэлийг шийдвэрлэсэн байх юм.

 

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр:

 

-Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй байгууламжийг хэлнэ гэж. Энэ хууль батлагдаад хэрэгжвэл ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг нураах байдал үүсэх .нь. Өнөөдрийн байдлаар энэ хууль хэрэгжвэл Төрийн ордон энэ заалтад орсон. Ордонг нүүлгэх үү?

 

 

БХБ-ын сайд Д.Цогтбаатар:

 

-Одоогийн байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагатай орон сууцны 493 барилга байгаагийн 171 нь орон нутагт байна. Төрийн ордны тухайд дээрх нөхцөл байдал үүссэн. Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Төрийн ордонд Кувейтийн сангийн хөрөнгөөр Төрийн ордны барилгыг шинэчилж барих асуудал яригдаж байгаа.

 

Ийнхүү гишүүд хэлэлцээд Хотыг дахин хөгжүүлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
bolor:
Huts
2015-06-23