Монголын залуу зураачдын үзэсгэлэн нээгдэнэ
2015-06-24

Дүрслэх урлагийнхны дунд “Гранд Арт” нэрээр хэдийнээ танил болж оролцохыг хүсэгчдэд хүлээлт үүсгэдэг болсон “The 7th Exhibition of Young Mongolian Artists 2015” уралдаант үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнг анх долоон жилийн өмнө монгол, солонгос улсын сэтгэл нийлсэн хэсэг нөхөд монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрхийг нээн илрүүлэх зорилготойгоор зохион байгуулж байсан түүхтэй.

 

Энэхүү үзэсгэлэнг санаачлан гар, бие оролцож байсан хүмүүсийн зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч эхлүүлсэн уг ажиллагаа нь жил ирэх тусам чанаржиж, амжилттай явагдсаар байгаа аж. Монгол-Солонгосын хамтарсан шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэл, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, зураач Л.Бумандорж, Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 24 буюу өнөөдөр 16 цагаас Монголын Уран Зургийн Галерейд  нээгдэн шагналын эздийг тодруулна.

 

Энэ жилийн үзэсгэлэнд уран бүтээлчид уран зураг, монгол болон зураасан зураг, уран баримал, холимог техникийн 5 төрлөөр өрсөлдөн гран при, тэргүүн, тусгай байруудад нийт 10 уран бүтээлч, тус үзэсгэлэнг үүсгэн байгуулагчдын нэг солонгос улсын зураач Кимчи Жунг агсны нэрэмжит шагналаар 1 уран бүтээлч шалгарах юм.

 

Уг үзэсгэлэнг ивээн тэтгэж хамтран ажилласаар ирсэн ноён Гиль Ён Хуаны ивээн тэтгэлгээр гран при шагналын эзнийг солонгос улсын Тэжон хотод 3 сарын солилцооны хөтөлбөрт хамрагдах эрх, мөнгөн шагнал хүлээж байгаа билээ. 2014 онд шалгарсан шилдэг уран бүтээлийн шагналын эзэн зураач Э.Лхагвадорж солилцооны хөтөлбөрт хамрагдан солонгос улсад 3 сар туршлага солилцож тус хотод өөрийн бие даасан үзэсгэлэнг гаргаж байжээ.

 

Хоёр орны урилгаар оролцож буй монгол-солонгосын 60 уран бүтээлчийн үзэсгэлэнг хамтатган гаргаж, туршлага солилцдог сайхан уламжлалтай бөгөөд уралдаант үзэсгэлэнд 96 залуу уран бүтээлчийн нийт 120-иод шилдэг бүтээл тавигдана.Үзэсгэлэн энэ сарын 29-ныг дуустал үргэлжлэх юм байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин