Хоёр аймгийн нутагт зургаан түймэр асч байна
2015-06-24

Энэ сарын 24-ний байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хоёр, Мандал суманд гурван түймэртэй, Булган аймгийн Тэшиг суманд нэг түймэр нутагт нийт зургаан түймэртэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Улсын хэмжээнд энэ сарын 24-ний байдлаар 16 аймгийн 90 суманд 188 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Энэ хугацаанд гарсан 188 түймрийн 68 нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймгуудад гарсан ба Дорнод аймагт 32 удаа, Хэнтий аймагт 22 удаа, Сүхбаатар аймагт 14 удаа тус тус  ой, хээрийн түймэр гарсан байна.

 

Түймрийг унтраахад ОБА-аас давхардсан тоогоор 3264 албан хаагч, 318 автомашин, Хилийн цэргээс 545 албан хаагч, 45 автомашин, Зэвсэгт хүчнээс 538 албан хаагч, 42 автомашин, Цагдаагийн байгууллагаас 75 албан хаагч, 5 автомашин, Орон нутгаас 9400 иргэн, 1049 автомашин, 287 мотоцикль, нийт 13822 хүн, 1459 автомашин, 287 мотоцикль тус тус дайчлагдан ажилласан аж.

 

ОХУ-аас Монгол Улсын хил давж 10 удаа, БНХАУ-аас Монгол Улсын хил давж хоёр удаа нийт 12 удаа хээрийн түймэр орж иржээ. Харин Монгол Улсаас ОХУ-ын хил давж хоёр, БНХАУ-ын хил давж дөрөв нийт зургаан удаа хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас 9.771,7 га ой, 5.051.539,5 га хээр нийт 5.061.311,2 га ой, хээрийн талбай шатсан. Байгаль экологид 18.4 тэрбум, эд материалд 922.5 сая төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 301.5 сая төгрөг зарцуулжээ.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин