Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгов
2015-06-24

Үндсэн хуулийн цэцийн их суудлын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Улсын дээд шүүхийн аль нэг танхимын хяналтын журмаар гаргасан шийдвэр хуульд харшилсан бол Ерөнхий шүүгчид хандан прокурор эсэргүүцэл бичиж, хуульд заасан бусад этгээд гомдол гарган хянан шийдвэрлүүлэх тухай зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Үндсэн хуулийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн гэсэн өмнөх дүгнэлтээ үндэслэлтэй байна гэж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзлээ.

 

Тиймээс Үндсэн хуулийн цэц “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн заалт болон Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин