Хагас жилд 100 орчим өргөдөл, хүсэлт ирүүлжээ
2015-06-25

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 100 орчим өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг хүлээн авч хянан шалгав. Энэ нь өмнөх жилүүдэдтэй харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгдсэн аж. Үүнээс гадна 93 иргэнд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

 

Тэдгээр өргөдөл, мэдээлэл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл 60 хувь нь Улсын Их Хурлаас баталсан зарим хууль, түүний холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай, 12 хувь нь Улсын Их Хурал болон Засгийн газрын тогтоол, 2 хувь нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, 15 хувь нь албан тушаалтан, түүний шийдвэр тус тус Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудалтай холбоотой байв.Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх асуудалд үл хамаарах асуудлаар 12 өргөдөл, мэдээлэл ирснийг холбогдох байгууллагад шилжүүлэх болон буцаах ажиллагааг хийжээ.

 

Үндсэн хуулийн цэц 2015 оны эхний хагас жилд бага суудлын хуралдаан 8, дунд суудлын хуралдаан 10, их суудлын хуралдаан 5-ыг буюу нийт 23 хуралдаан хийж, Үндсэн хуулийн цэцийн магадлал 8, дүгнэлт 10, тогтоол 5-ийг гаргав. Үүнээс Үндсэн хууль зөрчсөн гэсэн 8 дүгнэлт, 5 тогтоол гаргасан байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин