Өргөдлийн байнгын хороо цахим хурал зохион байгуулж байна
2015-06-25

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлах, дүн шинжилгээ хийх хүрээнд Архангай, Орхон, Завхан, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн удирдлагууд, байнгын хорооны гишүүд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөлтэй хамтран цахим хурлыг өнөөдөр /2015.06.25/ зохион байгуулж байна.

 

 

Хурлаар орон нутгийн зам тээвэр, ус, бэлчээр ашиглалт, хамгаалалт, мод бэлтгэл, уул уурхай, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талаар тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, санал солилцсон юм.

 

 

УИХ-ын гишүүд аймгуудын удирдлагуудаас Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа, бэлчээрийн менежментийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд ямар ажил хийгдэж байгаа, Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 08 дугаар тогтоолоор Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр гарсан тогтоолын хэрэгжилт ямар байгаа зэрэг байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тодруулаад өөрсдийн саналаа хэлсэн юм. Цахим хурал асуулт хариултаар үргэлжилж байна.

 

 

Уг хуралд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Содбилэг нар болон Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө, аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Автотээврийн үндэсний төвийн төлөөллүүд оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин