Оросын тусламжийн цуваа Донецкт очжээ
2015-06-25

ОХУ-ын төрийн далбаатай 100 ачааны машин Москвагийн цагаар өчигдөр 1.00 цагт Украины зүүн хязгаарын Донецк мужид хүрсэн тухай “ТАСС” агентлаг мэдээллээ. Эдгээр машинд нийт 34 тонн хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн байна. Тусламж хилээр нэвтрэхээс өмнө Украины хилчид сайтар шалгасан хэмээн Оросын Онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Олен Воронов сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш зүүн хязгаарын иргэдэд ОХУ-аас хүнс, эд материалын тусламж үзүүлж байгаа. Нийтдээ 200 гаруй сая ам.долларын тусламжийг Украинд үзүүлжээ. Донецкийн удирдлагууд дээрх тусламжийн талыг Луганс мужийн иргэдэд өгөхөө мэдэгдсэн байна.

 

“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минск 2” гэрээ өнөөдрийг хүртэл зүүн хязгаарт хүчин төгөлдөр хэрэгжиж буй ч гэрчүүдийн мэдээлснээр өдөр бүр буун дуу гарч байгаа гэв. Донецк, Луганск мужид хэдэн сарын өмнөөс цахилгаан, халуун ус тасарч, иргэд хүндхэн нөхцөлд амьдарч байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин