Эрэгтэй малчид чуулжээ
2015-06-25

 Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж анх удаагаа эрэгтэй малчдын уулзалтыг  өнгөрсөн долоо хоногт ёслол хүндэтгэлийн “Соёмбо” цогцолборт зохион байгуулжээ.

 

Албан ёсны тоогоор Сайншанд сум 203 эрэгтэй малчинтай бөгөөд  тэдний дийлэнх нь нэгдүгээр багт харьяалагддаг аж.

 

Уламжлалт мал аж ахуйн салбарт голлох үүргийг эрэгтэй малчид үүрч явдаг бөгөөд тэднийг чадавхжуулах, хүсэл сонирхлыг нь сонсох, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх хэрэгцээ шаардлага байгааг албаныхан мэдэрч дээрх уулзалтыг зохион байгуулсан байна. 

 

Тус чуулга уулзалтад  Сайншанд сумын 70 гаруй эрэгтэй малчин оролцож  өөрсдөдөө тулгамдаж  буй асуудлыг ярилцсан бөгөөд малын ноос, түүхий эд бүхий хөдөө аж ахуй бараа бүтээгдэхүүн, цагаан идээг зах зээлд хэрхэн борлуулах, мал маллагааны аргачлал, мал хулгайлах гэм хэрэгтэй тэмцэх, мал сүргийн дунд тохиолдох өвчлөлийг бууруулах талаар дэлгэрэнгүй ярилцаж санал шүүмжлэл өрнүүлсэн байна.

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин