М.Мягмар: 18 нас хүрлээ, үзэх ёстой бүхнээ үзлээ
2015-06-26

...Яагаад ч юм энэ дууг сонсохоор оюутан ахуй насны минь сүүлчийн өдрүүд санаанд буух. Гунигтай ч юм шиг, үгүй ч юм шиг. Гэнэн насны минь цэв цэнхэр, цав цагаахан өдрүүд. Дөрвөн хаврын шувууд, дөрвөн намрын навчистай хамт дуртатгал болон үлдэж дээ. Тийм ээ, энэ дуу олон, олон хүний зүрх сэтгэлд аз жаргалын наран мандуулж, бас гунигийн бороо оруулж буй гэдэгт итгэлтэй байна.

 

"Зургийн цомог, анхны хайр

Зөөлөн үнсэлт чинийх л байсан...."

 

"Сайн уу амьдрал минь" киноны дууг "Гайз"-ынхан амилуулсан.

 

Залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан уг дууг тухайн үедээ ХИТ болгоход Мийгаагийн хоолой онцгой үүрэг гүйцэтгэсэн болов уу.

 

Сүүлд тэрбээр “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийн жүжигчин хэмээгдэж, “Ану хатан” түүхэн сэдэвт уран сайхны кинонд Галданбошигт хааны дүрийг бүтээсэн юм. Уг бүтээл үзэгчид болон урлагийн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан билээ.

 

Иймд уншигч та бүхэнтэй "Гайз" хамтлагийн дуучин М.Мягмартай уулзаж ярилцсанаа толилуулъя.

 

 

-Юуны өмнө танд Шууд.мн сайтын нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргье. Тантай уулзахаасаа өмнө цахим хуудсаар тань хэд хэдэн удаа холбогдож байлаа. Цахим ертөнц таны байнгын хэрэглээ юу?

 

-Байнгын хэрэглээ шүү. Уран бүтээлч хүмүүс бид хийсэн бүтээлээ тэр болгон хүмүүст тайлагнаад байж чаддаггүй. Бид бүхэн чинь өмнө нь дөрөвдэх засаглал буюу хэвлэл мэдээллийнхээс хараат байдаг байсан. Харин цахим ертөнц буюу сошеал медиа гарч ирснээс хойш хараат бус болжээ. Заавал уран бүтээлч гэлтгүй хувь хүн ч өөрийн хийж бүтээж байгаа зүйлээ тайлагнадаг болж. Тэр утгаараа сошеал медиаг түлхүү хэрэглэдэг.

 

 

-Нууц биш бол 24 цагийн хэд орчим хувийг сошеал медиад өнгөрүүлж байна?

 

-Сүүлийн үед ажил ихтэй учраас өмнөх шигээ байж чадахаа больсон. Мөн улс төрийн сонгууль ойртож байгаа учраас жиргээ /твиттер/-ний маань сэдэв, нийтлэл, жиргээ маань улс төрийн өнгө аяс руугаа хэвийчихсэн байна. Миний ордог хэв маяг маань улс төржихгүйгээр урлаг соёлын мэдээ мэдээллийг түгээх, солилцохыг хүсдэг. Түүнчлэн, жиргээний найз нөхөдтэйгөө харилцаагаа илүү өргөжүүлэх, дотнох зорилгото байдаг. Сүүлийн үед дундажаар 5-6 цагийг л өнгөрүүлж байгаа.

 

 

-Таны сүүлд хийсэн “Байна уу, ээжээ” дуу олон хүнд ухаарал хайрлаж, сонсох дуртай дуу нь болоод байна. Энэ дууны санааг хэрхэн гаргасан бэ. Мөн энэ дууны клипэнд таны хүү тоглосон байсан.

 

-Энэ дууны үгийн н.Мөнхжаргал гэдэг хүн бичиж, продьюсерээр нь ажилласан байгаа. Мөөгий ах маань хоёр жилийн өмнөөс надад санал тавиад, энэ шүлгийг дуу болгомоор байна гэсэн л дээ. Энэ дууны онцлог нь дуулалттай боловч, яриатай, жүжиглэлтийн аргаар гаргаж ирэх байсан.

Нэлээд удаан ярилцсаны үндсэн дээр хөгжмийн зохиолч н.Ононгын ая дээр тогтож, өнгөрсөн гуравдугаар сард ажил болгосон байгаа.  Энэ дууг надтай хамт “Монгол модеь” агантлагийн загвар өмсөгч н.Сарнай гэж охин дуулсан. Сарнайгын маань хоолой миний хоолойны өнгөтэй таарч байсан. Энэ дуу маань хүмүүст таалагдаж байгаа бололтой. Маш их баяртай байгаа. Дууны маань сэдэв маш өргөн. “Хүн бүр ээжтэй” гэх утгыг агуулсан.

 

 

-Өөр уран бүтээлийн сонин сайхан юу байна. Кинонд тоглож байна уу?

 

-Энэ жил кинонд тоглох бодолгүй байгаа. Кино зохиол ирсэн ч авахгүй байгаа.

 

-Яагаад?

 

-Энэ жил хувийн уран бүтээлээс илүү хамтлагийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулахаар ажиллаж байна. Бид энэ жил орон нутагт, олон улсад аялан тоглолтой байгаа. Бид ирэх 2016 онд дан киноны бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

 

 

-Одоогоос найман жилийн өмнө “Сайн уу, амьдрал минь” уран сайхны кинонд танай хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, тоглож, дууг нь дуулсан байдаг. Түүний дараа танай хамтлагийн гишүүдийг хоорондоо үл ойлголцож, тарсан бутарсан гэх шуум дэгдэж байлаа. Түүнээс хойш бүгд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж, гэр бүлтэй болжээ.  Үнэхээр найман жилийн өмнө киноноосоо болоод маргаан үүссэн юм уу?

 

-“Сайн уу, амьдрал минь” уран сайхны киноны дараа хамтлагийн гишүүн бүр өөр өөрсдийн сонирхолоороо ажиллахыг хүссэн. Тэгээд зургаан жилийн хугацаанд найруулагчаар ажиллах нь найруулагч хийгээд, жүжигчнээр ажиллах нь жүжигчин хийж, тус тусын замаар явлаа. Энэ хугацаанд хэн хэн нь гэр бүлтэй, үр хүүхэдтэй, тогтсон амьдралтай боллоо. Тэгээд хоёр жилийн өмнөөс эргэн нийлж, хамтлагийн уран бүтээлдээ орсон. Энэ онд манай хамтлаг 18 нас хүрч, нас биед хүрч байна. Үндсэн 18 нас хүрэх хүртлээ үзэх ёстой бүхийг үзээд л, эргээд уран бүтээл дээрээ эргэж уулзаж байгаа юм.

 

 

-Тун удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Таны хувь яаж баярлах гэж байна?

 

-Наадмаар манай хамтлагийнхан эх орондоо байхгүй байна. АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ая дуугаа өргөнө. Ойролцоогоор 40 хоногийн аялан тоглолт хийхээр төлөвлөж байна.

 

 

-Бүх хотуудад очиж тоглох уу?

 

-Тиймээ. Бүх хотуудад очиж тоглоно. Яг аль хотод хэдэнд тоглох вэ гэдэг нь тодорхойгүй байна. Визнээсээ шалтгаалж дахин төлөвлөгөө боловсруулах байх.

 

 

-Та ямар дүрд тоглохыг илүүд үздэг вэ?

 

-Жүжигчин хүний хувьд дүр голдоггүй. Харин илүү олон хүнд хүрсэн дүр бүтээхийг хүсдэг. Тухайлбал, баатар хааны дүр байж болно, үгээгүй ядуу гуйлгачны дүр байж болно. Хамгийн гол нь дүрээ хүний сэтгэлд хүргэх нь чухал гэж боддог. Би чинь тийм олон кинонд тоглоогүй. Гарын 10 хуруунд багатах, үгүйтэй цөөн дүр бүтээсэн.

 

Гэхдээ би киног уран бүтээл биш бизнес талаас нь харсан, аралжааны зориулттай, кинонд тоглохыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн кинонд тоглохдоо амьдралаа залгуулахын тулд тоглодоггүй. Жүжигчин гэдэг мэргэжлийг би амьдралдаа онцгойлж сонгосон. Тийм учраас хэдхэн бор цаасны төлөө аралжааны кинонд тоглохгүй гэж боддог.

 

 

-Таны хамгийн анхны дэлгэцийн уран бүтээлийг сонирхмоор санагдлаа. Ямар уран бүтээл байдаг вэ?

 

-Хамгийн анхны уран бүтээл бол 1999 онд хийж байсан “Тавилан” гэдэг кино байгаа. Сүүлийн үед зурагтаар их гарч байна. Энэ кинонд  бид нар хамтлагаараа тоглож байсан юм. Тухайн үед гуравдугаар курсын оюутнууд  байсан  болоод ч тэр юм уу бид нарын хувьд киноны  тухай  шал ондоо төсөөлөлтэй байсан юм шиг санагддаг. Гэхдээ эргээд харахад мэдээж сайхан  дурсамжтай.

Тухайн үедээ 2001 оны “Гоо марал” шилдэг бүтээл шалгаруулах наадамд хамгийн олон үзэгчтэй киногоор болон мөн залуучуудын хамгийн ихээр хүлээж авч байсан киногоор шалгарч байсан.

 

"Ану хатан" киноны хэсгээс

 

-Та жүжигчин мэргэжлээсээ өөр ямар ажил хийдэг вэ. Хувийн бизнес эрхэлдэг үү?

 

-Байгаа. Манай гэр бүл бизнесийн  зөвлөгөөө  өгдөг марктенгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай. Гэлээ ч энэ компани маань биднийг хоёр идүүлээд асар их ашиг олуулаад  байгаа юм байхгүй ч миний амьдралыг тасалдуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа.

 

 

 -Ярианы сэдвээ жаахан өөрчилье гэж бодож байна. Таныг  жүжигчин хүн гэдгээр нь  болон  таны бүтээсэн  олон сайхан дүрээр нь хүмүүс андахгүй   мэддэг. Харин таны хувийн амьдрал болон гэр бүлийн тань талаар төдийлөн  сайн мэддэггүй. Нууц биш бол гэр бүлээ танилцуулаач?

 

 -Би эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Миний эхнэрийн хувьд мэргэжлийг маань маш сайн ойлгодог. Мэдээж урлагийн хүмүүс цаг наргүй ажилладаг шүү дээ. Зураг авалт гээд хичнээн сараар гэрийн бараа харахгүй  ч үе байдаг. Харин энэ бүхнийг миний хань бусад хүмүүсээс илүү ойлгодог юм шиг санагддаг. Тийм ч учраас ханьдаа маш их баярладаг. Гэхдээ урлагийн хүмүүсийн хувийн амьдрал их сөхөгдөж хүмүүсийн нүдэн дээр  ил байдаг. Гэтэл өнөөдөр ямар ч нэртэй жүжигчин дуучин байлаа гээд адилхан л хүн шүү дээ. Тэр бүх хүмүүс урлагийн хүн болсон болохоос өөрийн гэр бүлээ урлагийн гэр бүл болгоогүй байх л гэж боддог. Тийм ч учраас гэр бүлийнхээ амьдралыг бусдад ил байлгахыг нэг их хүсдэггүй. Учир нь бидний хувийн амьдрал хүмүүсээс ялгараад байх зүйл байхгүй шүү дээ.

 

 

-Тэгвэл анх эхнэртэйгээ хэрхэн танилцаж байсан нандин дурсамжаа бидэнтэй хуваалцахаас татгалзах уу?

 

-(Инээв) Татгалзахгүй. Би 10 жилийн өмнө эхнэрийнхээ ажлын газрын урлагийн үзлэгийг найруулж бэлдүүлэхээр очиж байхдаа гэр бүлийнхээ хүнтэй анх танилцаж байсан юм. Би хэдийгээр дуучин жүжигчин гэдэг мэрэгжилтэй ч гэсэн урлагийн менежмент тал руугаа  их сонирхож дипломын ажлаа урлагийн менежмент гэдэг сэдвээр бичиж байсан. Харин  манай хамтлагт тухайн үед менежментийн асуудлыг шийдэж авч явах хүн хэрэгтэй болсон. Энд тэндэхийн тоглолт гэрээ хэлэлцээр гээд  тэр бүгдийг хийхэд хүн хэрэгтэй байсан юм. Ингээд эхнэр маань энэ ажилд маань маш их тусалсан. Мөн бидний сонирхол их адилхан байсан учраас  түүнээс хойш олон ажил дээр эхнэртэйгээ  хамтарч ажиллаж байсан. Ингээд  нэг л мэдэхэд ижил дасал болж  өнөөдрийг хүртэл бид хамтдаа аз жаргалтай сайхан амьдарч байна.

 

 

 

-Найз нөхөдтэйгээ уулзаад стресээ тайлах үе байдаг. Харин сүүлийн үед үүнийг хүмүүс шоудах гэж хэлдэг болсон. Таны хувьд ?

 

-Би шоуддаггүй. Бас архи  ч амсдаггүй. Ууж чаддаггүй юм. Анхнаасаа уудгүй гэдгээ хэлчихдэг болохоор одоо ч ихэнх хүмүүс мэддэг болсон. Тийм ч учраас шахаж шаардах асуудал гардаггүй юм. Гэхдээ архи гэдэг хоолойгоор давдаггүй шингэн байгаа биш  хоолойгоороо давуулж үзсэн. Бусад хүмүүс шиг намбайгаад, яриа хөөрөө дэлгээд, сэтгэлийн гүнээ уудлаад маргааш нь зүв зүгээр босч ирдэг хүн би биш л дээ. Архийг амслаа,  согтлоо тэгээд  тасарлаа л гэдэг хүн шүү дээ. (инээв) Харин  маргааш нь толгой өвдөөд үхэх шахна. Энэ бүхэн юу нь сайхан байх вэ дээ. Тийм ч учраас би архи огт хэрэглэдэггүй юм.

 

 

-Мийгааг машины хоббитой гэж сонссон юм байна?

-Эр л хүн юм хойно машины хоббитой. Бас дуу хөгжим байна. Зав чөлөө гарвал машин тэргээ янзалж, арчилсан шигээ өнгөрөөх их сайхан.

 

 Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ggggg
2015-06-27
Зочин:
saihan duu boljee, ene zaluu mash ih taalagddag, hooloini ungu buur ch goyo, saihan ch zaluu shuuu amjilt husie
2015-06-27
Зочин:
Дүүдээ сайн сайхан бүхнийг хүсье Даруухан сайхан санагддаг шүү Үнэн шүү архи бол ёстой хэрэггүй эд кккк
2015-06-26