Хөсөгтөнтэй хамт шөнийн музейд зочлоорой
2015-06-26

Чойжин ламын сүм музейгээс санаачлан “Авьяаслаг Азичууд” тэмцээний дэд байрын шагналт “Хөсөгтөн” хамтлагтай хамтран “Шөнийн музейд Хөсөгтөн” ардын урлагийн тоглолтыг ирэх сарын 9-нд зохион байгуулахаар болжээ.

 

Энэ талаар тус хамтлагийнхан фэйсбүүктээ бичжээ. Музейн хамт олон үйлчилгээгээ сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. 

 

Тоглолтод хүрэлцэн ирснээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмийгээ баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан авьяаслаг уран бүтээлчдийн ардын урлагийн тоглолтыг үзэх боломжтой гэнэ.

 

Тоглолтын тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 50-100 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

 

Тоглолтод ирсэн зочид, цэцэрлэгт тухалж, цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой бөгөөд дээрх бүх үйлчилгээ тасалбарын үнэд багтжээ. 

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин