Говийн сумдыг эрчим хүчинд холболоо
2015-06-26

Ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шаардлагатай дэд бүтцийг бий болгоход Эрчим хүчний яамны зүгээс анхаарч ажилладаг.

 

Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвийн эрчим хүчний системтэй холбож хямд үнэтэй эрчим хүчээр хангахаар болжээ.

 

Ханбогд, Баян-Овоо сумыг төвийн эрчим хүчний системд холбох ажлын хүрээнд нийтдээ 35 кВ-ын 5.1 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамт олон 20 хоногт хийж гүйцэтгэн өчигдөр ашиглалтад оруулсан байна.

 

Энэхүү барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгө болох 270.0 сая төгрөгийг Рио тинто групп,  “Оюу толгой” ХХК санхүүжүүлж, хамтран ажиллажээ. “Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын ард иргэдийг байнгын цахилгаан эрчим хүчээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж өнгөрсөн хугацаанд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн аж.

 

Энэхүү төслийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэж, амжилттай дуусгасан “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Рио тинто групп, “Оюу толгой” ХХК, “Энержи интернейшл” ХХК-ийн хамт олонд ЭХЯ, орон нутгийн иргэд талархал илэрхийлсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин