Хөдөө аж ахуй, уул уурхай зөрчилдөж байгаа
2015-06-26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Дараагаар нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэх эсэхийг шийдэв.  Төслийн танилцуулгыг ХХАА-н сайд Р.Бурмаа гишүүдэд хийлээ.  Дараагаар нь ХХАА-н сайд Р.Бурмаа  гишүүдийн тавьсан  асуултад хариуллаа.  

 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

- Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай хөтөлбөрийг ярьж байна. Өмнөх парламентад “Монгол мал” хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ?  Бид газар тариалангийн салбарт  урамшуулал олгож байгаа. Энэ төсөлд ямар тооцоо судалгаа хийсэн бэ?

 

-Бусад төсөл хөтөлбөрүүдтэйгээ уялдаа холбоотой байгаа. Чанарт тулгуурласан бодлого барьж байна. Тоног төхөөрөмж, технологийн хувьд дээшилсэн гэж болно. Тариалангийн тухай, Органик хүнсний тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон. Хөрөнгө оруулалт төдийгүй эргэлтийн хөрөнгийг дэмжсэн бодлого явуулна. Төв, Дархан, Сэлэнгийн тариалангийн бүс нутагт хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс байгуулна. Ялангуяа төвийн бүс нутагт хөдөө аж ахуйн парк явуулна. Алслагдсан хил орчим нутаг чөлөөт бүс байгуулна. Эхний ээлж нь “Халх гол”-ын чөлөөт бүс.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Энэ бодлогод чухал чухал санаанууд тусгагдсан байна.  Гэхдээ орхигдсон байж магадгүй санаанууд байна. Хөдөө аж ахуйн салбарт аюул учруулж байгаа томоохон салбар нь уул уурхай болчихоод байна. Уул уурхайн салбараас болоод хөдөө аж ахуйн бэлчээр, хадлан тэжээл муудаж байгаа. “Халх гол”-ыг чөлөөт бүс болгож байгаа нь зөв. Уламжлалт чөлөөт бүсээ хөгжүүлэх шаардлагатай.

 

-Хөдөө аж ахуй, уул уурхайн салбар хоорондоо зөрчилдөх талтай байгаа нь үнэн. Тийм учраас хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг тодорхой болгож өгье гэж байгаа. Тариалангийн асуудалд тавигдах шаардлагыг анхаарч ажиллаж байна. Малчдын амьдрал үнэхээр хүнд байдаг. Малчин, малын зоотехникч нарын тэтгэврийн асуудлыг зохицуулах нь зүйтэй гэсэн саналыг ХАХНХЯ-нд оруулсан байгаа.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Хөдөө аж ахуйн салбар нь хүн амыг хамгийн их ажлын байраар хангадаг. Ажилгүйдэл, ядуурлыг хөдөө орон нутагт бууруулдаг салбар. Тиймээс төрийн бодлого чухал. Хөрсийг хэр хамгаалах вэ?

-Ямар таримал ургуулах вэ гэдэг дээр нарийн зохицуулалт хийнэ. Үйлдвэрлэл, хорио цээр, гаалийн чөлөөт бүс гэсэн 3 бүс үйл ажиллагаагаа явуулна.

 

УИХ-ын гишүүн Су.Батболд:

 

-Халх голын бүсэд газар тариалан эрхэлж болохгүй шалтгаан байгаа. Байгаль цаг уурын хувьд эрсдэлтэй. Монгол Улсад төр засаг байгаа байхгүй нь  мэдэгдэхээ байжээ. Хуулиараа 2 га-гаас дээш газрыг төр, засгийн шийдвэрээр хагалдаг. Гэтэл орон нутагт сумын Засаг дарга дур мэдэн зөвшөөрөл өгч газар хагалж байна. Монголын ирээдүйгээр тоглож болохгүй. Нөөцөндөө авах ёстой. Тиймээс чөлөөт бүсийн төслийг Засгийн газарт буцаах хэрэгтэй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Халх голд хэзээ ч чөлөөт бүс байгуулж болохгүй. Тэнд хүрч ажиллах хүн хүч, техник хэрэгсэл огт байхгүй. Газрыг хүний хоол болгоод яах вэ. Мэдээж хятадуудад өгөх гээд байна уу. Энэ авгай.
2015-06-26