Цагаачдыг хүлээн авахаар болжээ
2015-06-26

Белгийн нийслэл Брюсель хотноо Европын холбооны удирдлагууд Грекийн эдийн засгийн хямралын асуудлаар хуралдахаас гадна Европын толгойны өвчин болоод буй цагаачдын асуудлаар ярилцаж, шийдвэртэй алхамд хүрсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Газар дундын тэнгисээс жилдээ сая орчим цагаач Европыг зорин ирдэг юм. “Европын холбооны удирдлагууд эхний ээлжинд 40 мянган цагаачийг ирэх хоёр жилд гишүүн орнууддаа илгээхээр болсон” гэж Европын зөвлөлийн дарга Дональд Туск хэвлэлийнхэнд мэдээлжээ.  

 

Итали, Грекийн хил орчимд байршаад буй 40 мянган цагаачийг Европын холбооны улсуудад хуваарилж өгөхөөр тохиролцсон байна. Гэхдээ эдгээр цагаачдын 50 хувийг нь Европын холбоо хүлээн авах бөгөөд гэмт хэрэгт холбогдож байсан цагаачдыг нутаг буцаахаар болжээ. “Ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд боломж олгохоор ажиллаж байна” хэмээн Туск ярианыхаа үеэр дурьжээ.

 

Аль улс хэдэн тооны цагаач хүлээн авах нь тодорхойгүй байгаа аж. Европын холбоо газар нутгийн хэмжээ, хүн амын тооноос шалтгаалж хуваарилах тоог гаргах болно гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин