Улиастай-Гачууртын чиглэлийн зам засварын ажилтай танилцав
2015-06-26

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Улиастай-Гачууртын чиглэлийн замын засвар шинэчлэлтийн ажлын явцтай УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр танилцлаа. Уг замын ажлыг “Үйлсийн зам” ХХК гүйцэтгэж байгаа аж. Тус компанийн ерөнхий инженер Ш.Хүрэлбаатар энэ талаар хэлэхдээ, Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км хатуу хучилттай замын засвар шинэчлэлтийн ажлыг энэ оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн. Одоогоор ажлын гүйцэтгэл 18 хувьтай байна.

 

Энэ замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд замын зорчих хэсгийн хэмжээ урьд нь 6-7 метр байсныг 8 метр болгож өргөжүүлэхийн зэрэгцээ замын даланг өргөтгөж, 19 цэгт ус зайлуулах төмөр бетон хоолой, түүнчлэн 18 болон 36 метр урттай төмөр бетон гүүрийн шинэчлэлтийн ажлыг хийх юм. Замын хучилт нь 5 см зузаан байх бөгөөд цементээр бэхжүүлсэн суурийг газар дээр нь боловсруулах технологиор гүйцэтгэж байгаа.

 

Ингэснээр цаг хугацаа хожих, зардал хэмнэх сайн талтай” гэв. Мөн уг замын засвар шинэчлэлтийн явцад захиалагчийн хувьд нийслэлийн Автозамын газраас өдөр тутам хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын Зам, барилгын хяналтын хэлтсийн хяналтын мэргэжилтэн А.Оюунчимэг танилцуулсан байна.

 

Нийтдээ 6 тэрбум 123 сая төгрөгийн төсөвт өртөгтэй энэ замын засвар шинэчлэлтийн ажлыг энэ оны 8 дугаар сарын 30 гэхэд дуусгаж хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан аж. Замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд автобусны 28 буудал байгуулж, гэрэлтүүлэг, шугам сүлжээний ажлыг цогцоор нь шийдвэрлэх уг замыг долоон хэсэг болгон засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа аж.

 

Харин энэ ажлын хүрээнд 33 цэгт газар чөлөөлөх асуудал гарах юм байна, үүнийг шийдвэрлэхээр дүүргийн газрын албанаас холбогдох байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үеэр хэлэхдээ, Баянзүрх дүүрэгт өрнөж байгаа бүтээн байгуулалтын нэг гол ажил нь Улиастай-Гачууртын чиглэлийн энэ замын ажил юм. Энэ ажлыг туршлагатай компани гүйцэтгэж байгаа учраас гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэж өгнө гэдэгт найдаж байна.

 

Засвар шинэчлэлтийн ажилд шинэ технологи хэрэглэж байгаа нь тун сайн. Гэхдээ гол нь чанартай хийж гүйцэтгэхэд анхаарах нь чухал гэдгийг хэлсэн юм. Мөн энэ жил Баянзүрх дүүрэгт үүнээс гадна замын бүтээн байгуулалтын хоёр ажил болон УБ-Налайхын чиглэлийн замын ажлыг түргэтгэх чиглэлээр холбогдох байгууллагад асуудал тавьж, анхаарч байгаа гэдгээ хэллээ.

 

Тэрээр дараа нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон 203 дугаар цэцэрлэгийн ажил байдалтай танилцсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр канад технологиор баригдсан уг цэцэрлэгийн барилга энэ оны 4 дүгээр сард ашиглалтад орсон юм байна. Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмаа манай цэцэрлэг 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 240 хүүхэд авсан. Энэ намар нэгдүгээр ангид элсэх 15 хүүхэд нэмж авна. Шинээр ашиглалтад орсон учраас анги танхим тохижилтгүй, багш нар техник хэрэгсэл муутай, хүүхдийн тоглоомын талбайгүй гээд хүндрэлтэй асуудлууд нэлээд байгаа тул энэ талаар анхаарч туслахыг хүссэн байна.  

 

Шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн тухайд гадна орчин, анги танхимын тохижилтын асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай тул салбарын яам болон дүүрэг, бусад байгууллагуудад ч асуудал, хүсэлтээ тавьж байна. Миний хувьд цэцэрлэгийн дуу хөгжмийн заалыг тохижуулах, багш нарын ажлын хэрэгцээнд зориулж зохих туслалцаа дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
BOSOO:
Yaag unen M.A.N iin hiij bgaagui ajiliig hiij bga shuu ediin zasag hundhen bgaa ch ard tumen oilgoj l bna.Ylanguya niisleld hiij bga ajiluud bna huduu oron nutagt shine sum tusul geed saihan ajiluud hiij bna. M.A.N iin hiij bga ajil dandaa niigemd buhimdal turuuleh gutgeh gujirdeh uur yum olj harahgui l bna shuu
2015-06-27
Зочин:
Наад замаа чанартай тавихад сайн анхаарай даа гишуунээ наад замаар чинь хунд тээврийн хэрэгслэл их явдаг зам шуу ялангуяа Гацуурт тийшээгээ барилгажилт идэвхжиж байна амархан эвдрэх зам тавьчих бий вий
2015-06-26
Зочин:
АН засаг барьж байгаа уед маш их бутээн байгуулалт хийгдэж байна даа хэзээ ийм олон сургууль цэцэрлэг зам тавьж байлаа монготэй уедээ хийж байгаагуй ажлыг АН-ын засаг монго босгоод л хийсэн МАН хорсоод боож ухэх гээд гутгэлэг тарааж ажлыг нь их гутааж байгааг ард тумэн харж байна
2015-06-26