Усны ослоор 29 хүн амиа алджээ
2015-06-29

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.  Энэ он гарсаар улсын хэмжээнд усны ослын золгүй тохиолдлоор нийт 28 удаагийн осол бүртгэгдэж, 29 хүн амь насаа алдсан байна.

 

Одоо Баян-Өлгий аймагт “Ховд” голын усанд осолдсон /15 настай, эрэгтэй/ Х-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

Сэлэнгэ мөрний дагууд болон Хэнтэйн нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хэрлэн, Халх голын усны түвшин олон жилийн дунджаас 20-40 см их, бусад гол, мөрний усны түвшин олон жилийн дундажийн түвшинд байх төлөвтэй байна. Гэвч долоо, наймдугаар сард зарим үед орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж үерлэх, уулын ам, бэл, хуурай  сайр, гуу, жалгаар уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна.

 

Иймд гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, үерийн уснаас хамгаалсан суваг, шуудуу татах, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гарам, гарцаар зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин