Тавантолгойн хоёр нийтлэл
2015-06-29

Буянаа олондоо өгдөггүй ордуудын нэг Тавантолгойд зориулсан хоёр том нийтлэл зэрэг гарчээ. “Тавантолгой төслийн шинэ хувилбар”, “Ашиг сонирхлын зөрчилтэй, мэргэшсэн ченжид Тавантолгойн төслийг атгууллаа шүү” гэсэн гарчиг бүхий нэг төсөл дээрх хоёр талын байр суурь, таамаг үндэслэл дэвшүүлсэн нийтлэлүүд цаг хугацааны хувьд зэрэгцэн гарсныг яавч тохиолдол гэхээргүй. Хоёр нийтлэлч хоёулаа ТТ төслийн дараагийн өрнөлийг буулган тус тусын үндэслэлээ гарган бичжээ. Энэхүү хоёр нийтлэлээс нэг дүгнэлт гарч болохоор байгаа талаарх бодлоо хуваалцья.

 

Нийтлэлч Л.Болормаа “...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам байгуулах ажлыг “Энержи ресурс” Монголын төмөр замын мэдэлд өгье гэж шийдсэн аж. 2009 онд Энержи Ресурс энэ замыг барьж эхэлсэн бол 2013 онд ашиглалтад өгч, 18 жилийн дараа төрд зуун хувь хүлээлгэн өгөх байв. 2012 онд дахин бүтээн байгуулалтад ороод ажилласан бол өдийд ашиглалтад орж, мөн л 19 жилийн дараа төрд хүлээлгэн өгөх байсныг харамсан тэмдэглээд энэ удаа гурав дахь оролдлого нь мөн унаж, уул уурхайн экспортын хамгийн ашигтай уг зам УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүлэглэлийн гарт хэдийнэ орсныг хүлээн зөвшөөрч бууж өгсөн” гэжээ.

 

Л.Болормаа бичихдээ “...Асуудал 1072 хувьцаандаа ч биш, Оросууд эсэргүүцээд байсандаа бус, “Эрдэнэс Таван Толгой” хэмээх учиргүй ашигтай ажилладаг компани гэнэт гараад ирсэндээ ч биш, Пийбодиг өрөвдсөндөө бол бүр биш. Шинэ төмөр замын хоёр чиглэлийг фиктив компанийн мэдэлд авч үлдэх гэсэн шантаажны хоёр сар байсан юм. Засгийн газар шантаажны нөхцөлийг нь биелүүлж өгчээ...” гэсэн байна.

 

Энэ нь түүний нийтлэлийн гол зангилаа асуудал. ТТ төсөл гацсан нь муу төсөл байсандаа бус төмөр зам дээр мөнгө босгох ажиллагааны тулгалт байсан гэдэг дүгнэлт. Л.Болормаа нийтлэлчийн хэлээд байгаа энэ учир зүйгээр харах юм бол ТТ дээр Оросууд дургүйлхээд байгаа бөгөөд энэ таалалд нийцүүлж хөндлөн чиглэлийн 1300 км төмөр зам тавих болзол нэмж орж ирнэ гэж зарлаад байгаа нь үнэнд ойрхон тайлбар биш болж ирж байна.

 

Түүний үзэж байгаагаар одоогийн болзол болоод байгаа 1300 км-ээс арай өөр чиглэлүүдээр тухайлбал, Тавантолгой ордоос Сайншанд хүрэх 450 км төмөр замын талыг буюу 225 км-т, мөн шинэ чиглэл дээр Зүүнбаянгаас урагш, Замын-Үүдээс ялимгүй баруунтаа Ханги Мандалын боомт хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний төмөр зам байгуулах сонирхол Оросуудад байгаа юм байна.

 

Ийм бодит санал хоёр талын ойлголцол байхад Оросууд ТТ-н төмөр зам дээр дургүйцээд байна гэж УИХ-ын гишүүн яагаад “бурсан бэ” гэсэн асуултыг тавьжээ. Хариултыг нь ч тодорхой хэлжээ.

 

“Монголын төмөр зам ТӨХК-ийн дор “Шинэ төмөр зам” ХХК гэх охин компани байгуулж, фиктив үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэсэн манай төмөр замч бүлэглэлийн өөрсдийнх нь гүнзгий сонирхолтой холбоотой юм” гэж.

 

Нөгөө талд У.Оргилмаа нийтлэлч асуудлыг улс төрийн “хутгуур” талаас нь буюу МАН-ын хэсэг бүлэг олигарх, АН-ын “Алтангадас” фракцийнхны MCS болон Тавантолгой дахь ашиг сонирхол байгаатай холбон хөнджээ.

 

“...Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эзгүйд С.Баярцогт Тавантолгойн төслийг эргүүлэн татсан. Мөн С.Баярцогт Тавантолгойн төслийг боловсруулан, алдаа юуг нь засч УИХ-аар батлуулах үүрэг хүлээв. Товчхондоо Оюутолгой, Тавантолгой хоёр С.Баярцогт гэдэг хүний гараар дамжин наадмын өмнө батлагдаж “эзэддээ” очих тавилантай юмсанжээ” гэж харамслаа илэрхийлжээ.

 

Түүний үзэж байгаар бол АН-ынхан фракц хоорондын зөрчлийг Тавантолгойтой холбож байгаагийн зэрэгцээ МАН-ын залуус өөр хоорондоо толхилцох болсон нь дээр дурдсан улс төрийн хоёр том намын холимог ах нар нь MCS-ийг дэмждэг, дэмждэггүйгээрээ талцсантай холбоотой. Мөн С.Баяр, Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын хэсэг бүлэг олигарх, АН-ын “Алтангадас” фракцийнхныг MCS болон Тавантолгой дахь ашиг сонирхлоос ангид харахад үнэхээр хэцүү болсон гэж хэлжээ.

 

Энэ нь тийм ч шинэ гаргалгаа биш л дээ. Гэхдээ энэ удаад Энхээ, Цогтоогоор солигдсон нь байдлыг өөрчлөхгүй гээд байгаа бололтой.

 

“...ЗГХЭГ-ын даргын хувиар түргэн сэтгэж С.Баярцогтод Тавантолгойн төслийг хариуцуулж байгаа нь ашиг сонирхлын асар өндөр зөрчилтэй. Үүнд “MCS”, “Энержи ресурс”-тэй хамааралгүй улстөрчид онцгой анхаарах, шаардлагатай тохиолдолд эсэргүүцэл илэрхийлэх нь чухал...” гэдгийг У.Оргилмаа нийтлэлч бүр тухайлан хэлсэн байна.

 

Хоёр том нийтлэлчийн ТТ дээрх энэ байр суурь хоёулаа цаанаа өөр өөрийн “хурц” үнэртэй л дээ. Нэг нь ТТ-г “MCS”, “Энержи ресурс”-ийн гарт очих боллоо, дуугүй сууж болохгүй гэсэн бол нөгөө нийтлэлч нь ТТ гацаад байсан нь манай төмөр замч бүлэглэлийн өөрсдийнх нь гүнзгий сонирхолтой холбоотой ба явсаар Л.Баттулга нарын гарт орлоо гэж дүгнэжээ.

 

Хоёр нийтлэлч хоёулаа маш сайн эх сурвалжтай, мэдээлэлтэй байгаа нь эндээс төвөггүй харагдана. Гэхдээ хоёулаа гурав дахь гэх юм уу хувилбарыг хэлсэнгүй тойрсхийжээ.

УИХ дээр хоёр сар гаруй гацаад “буцсан” ТТ төсөл дээрх хоёр нийтлэлчийн дүгнэлтээс уншигчид мөн “дүгнэлт” хийж болохоор байгаа юм. Монголчууд бид гурав гэсэн сонголтод  дуртай тул түүгээр буулгая.

 

Нэгд, ТТ бол улстөрчдийг урдаа барьсан бүлэглэлүүдийн том талцаан үнэхээр мөн юм байна. Талцагчид нь хэн хэн болохыг нийтлэлчид өөр өөрийнхөө талаас тодорхой хэлсэн тул нуршаад яахав.

 

Хоёрт, ТТ асуудал ер нь яагаад ч таг гацахгүй ба ямар нэг байдлаар энэ засгийн үед буюу МАНАН орших энэхүү сүүлийн боломж дээр батлагдах учиртай юм байна. Үүнийг Энхээ нь хийнэ үү, Цогтоо нь дуусгана уу үнэндээ ялгаагүй болжээ.

 

Гуравт буюу хоёр нийтлэлээс харж болох нэг дүгнэлт бол ерөөсөө төмөр зам барина гэж сүржигнэхээ түр болих зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргаж үүн дээр нь Их хурал тогтоол гаргачихдаг бол “тулалдаад” байгаа бүлэглэлүүд зодолдох юмгүй болж “уйдаж” суух юм байна. Ингэхэд улс орны эдийн засаг л туйлдсан хэвээр үлдэх юм даа. Гэхдээ эхний хоёр дүгнэлтээ барих юм бол гурав дахь шийдвэрийг яагаад ч гаргуулахгүй л дээ.

 

Нүүрсний зах зээлд хүрэхийн тулд ойрхон зайд төмөр замтай болчихьё гэж энгийн ойлгогдох төсөлтэйгээ манай төр ийнхүү 6 жил зууралдсаны эцэст асар их улс төржсөн талцаан үүсгэж “дээд хэмжээний” тохироо наймаандаа хүрчихсэн явааг хоёр нийтлэлч хоёр талаас олон нийтэд зэрэг хэлж өглөө.

 

Нийтлэлч Л.Болормааг уул уурхайгаар дагнан бичдэг гадаад эх сурвалж сайтай, түүнийгээ сайн судалж боловсруулдаг гэж харвал түүний эл нийтлэлд хэдэн зүйл байна. Ямарч байсан гацаанаас буцаан татагдаж буй ТТ төсөлд оросуудыг хаднаа мангаа болгоод байсан нь бодит байдал биш гэсэн гаргалгааг жишээ татан энд хэлжээ. Мөн бид ил яригдаж байгаа ТТ, ОТ хоёр төсөл дээрх улстөрчдийн эх оронч мэдэгдэлд тархиа угаалгаж хамаг нервээ барж, баяр наадамдаа яарч байх хооронд их тоосны цаана түүнээс ч том мөнгөний дүнтэй Мега төслүүд ногоон гэрлээр салбарын сайдын соёрхлоор гараас гарсаар байгаа бололтой. 5 тэрбум долларын Сайншанд парк төслийн судалгаа, 10-12 тэрбум долларын Хурдны замын төсөл зөвлөх сонгох, 34 тэрбум долларын нүүрс хийжүүлэх төслийн  ТЭЗҮ хийх зэргээр шинэ мөнгөний урсгал бий болж байгааг Л.Болормаа нийтлэлч хэлжээ.

 

Түүний хэлж буйгаар яамдын дэргэд сайдын тушаалаар том төслийн нэгжүүд байгуулж, их мөнгө босгодог арга барил нэгэнт газар авсан ба эдгээр төслийн тухай мэдээллийг нэгтгэдэг, хянадаг, уялдуулдаг төрийн бодлого байхгүй байгаа нь үнэн.

Тавантолгой төслийн 4 тэрбум ам.доллароос хавьгүй том хөрөнгө оруулалттай Мега төслүүдийн аль нь ч УИХ-аар хэлэлцэгдээгүй. Ямар хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ хэлцэл Сайдын түвшинд хийгдсээр байгааг хэн ч хянаагүй өнгөрч байгааг тэрбээр онцлон хэлжээ.

 

Энэ бол асуудал шүү. Хоёр толгойн төсөл Их хурал дээр ил яригдахын цаана түүнээс том дүнтэй хичнээн ч Мега төслүүд далд соёрхогдож ямар ч зөрчилдөөн талцаангүй дэмжигдэж цаана нь захиалагчид нь ямар хэмжээний мөнгийг төрөөс авахаар “сампиндаж” суугааг үнэндээ бид анзаарахгүй байгаа юм.

 

Намууд сайдын суудал авах, Яамныхаа дор Төрийн өмчийн хороог өмчлөхийн давуу тал ийм хэлцлүүд дээр гарсаар ирснийг Л.Болормаа нийтлэлч онцлон хэлснийг төгсгөлд  нь дахин “онцлоход” илүүдэхгүй байх.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
1247896:
Оргилмаа , Мөнхбаясгалан нар бол яг сэтгүүлч биш ээ Тэд болсны сэтгүүлч нэртэй хөлсний шантаачид. Юун энэ Болормаа, тэр Ганчимэг эд нартай зүйрлэх. Энэ 2 авгай бол өнөөдөртөө Женкогийн хөлсний халтарууд. Маргаашдаа бол хормойгоо чирсэн хогийн хэрүүлч авгай нар болой
2015-06-29
Peacekeeper:
Эх орон, элэг нэгт ахан дүүс нар минь. Энэ алимыг аятайхан эх орондоо ашигтай байдлаар зохицуулж шингээж болдоггүй юм уу? Монголчуудыг хий хоосон талцуулах шаардлага байхгүй. Төр хувийн хэвшил 2-ын харьцааг шууд хэлэхэд Олон фракцийн тогтолцоотой, олон хувирч өөрчлөгддөг, шударга бус ард түмэний болон ардчилалын нэр барьсан амбийц ихтэй, маск зүйсэн Jenco бүлэглэл арай биш шүү. Ухаа Худагын бүтээн байгуулалтыг Цогт-Цэций суманд цогцлоож чадаж байгаа үндэсний хөдөлмөрч монгол залуучуудыг дэмжье!
2015-06-29
Зочин:
Урагшаа нүүрсээ зарахын бол чирэгдэл багатай нарийн төмөр зам тавиад, хойшоо өргөнөө тавина биз дээ. ТТ явж байж л хямралаас гарна биз дээ. Энхболд , Женко нар нь гай бололгүй болиосой.
2015-06-29
сддаөс:
оргилмаа бол сэтгүүлч биш. Хөлсний ....
2015-06-29
Densmaa:
Болормаа сэтгүүлж мэрэгжлийн үүднээс баримттай тооцоо судалгаан дээр тулгуурлаж дүгнэлт гаргасан байна. Оргилмаа сэтгүүлчийнх бол зүгээр хардлага байна тэгэх байх ингэх байх тэгнэ дээ гэх мэт. Мэргэжлийн талаас нь харвал Бололрмаа сэтгүүлч нь илүү чадварлаг мэдээлэл сайтай мэдлэгтэй хүн юм шиг санагдлаа. Оргилмаа сэтгүүлч мэдээлэл дутмаг, логик дүгнэх чадвар сул, хий хоосон хардсан, өөрөөр хэлбэл муу сэтгүүлч байан
2015-06-29
Зочин:
muhar tumur zamaa bariad daraa n tavan tolgoig shainshandruu holbohoo boliod buur haa baisan bayntumen ruu tavih geree hiij baina
2015-06-29