Шинэчлэлд 3 тэрбум хэрэгтэй ч нэмэлт төсөв шаардлагагүй
2015-06-29

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-д өргөн барьсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдснаар хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулна.

 

Шүүхийн харьяалах нутаг дэвсгэрийг тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарчмыг баримталжээ. Тухайлбал, Налайх дүүрэг, Хархорин сум, Говьсүмбэр аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум гэх мэт.

 

 

2013 оны Шүүх байгуулах тухай хуульд тоогоор дугаарлаж байсан нэршлийг өөрчилж, тухайн шүүхийн байрших газрын нэрээр нэрлэхээр хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх” гэх мэт.

 

Хуулийн төсөлд давж заалдах шатны шүүх нь харьяалж буй бүх аймагт байрлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан аймаг бүрт шүүх хуралдаан хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, Давж заалдах шатны шүүхийн шүүгч томилолтоор ажиллана гэсэн үг.

Энэ нь аймаг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэж байгаа болно.

 

 

Шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх заалттай зөрчилдөхгүй юм.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг нийт 21 аймаг, нийслэлд байгуулна. Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулах юм. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд заасан зөрчил арилжээ.

 

 

2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар “Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх”, “Дүүргийн иргэний хэргийн анхан  шатны 1 дүгээр шүүх” гэж нэрлэснийг өөрчилнө.

Жишээлбэл, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх мэт харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэж, Улаанбаатар хотод байгуулна. Ингэснээр дүүрэг тус бүр харьяалах шүүхтэй болж байгаа юм.

 

Нэмэлт төсөв гарахгүй

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Энэ хууль хэрэгжиж эхэлснээр шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй, шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, орон сууцаар нэмж хангах асуудал гарахгүй” гэж мэдээллээ.

Мөн шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй аж.

 

Харин Сум дундын шүүхийг дагнан байгуулахтай холбогдуулан 21 ерөнхий шүүгч, 15 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулахтай холбогдон хоёр ерөнхий шүүгч, зургаан шүүгч тус бүр нэмэгдэх юм байна. Гэвч энэ нь УИХ-ын 2013 оны 12 дугаар тогтоол “Шүүгчийн орон тоог батлах тухай”-оор баталсан орон тооны хязгаарт багтаж байгааг онцлов.

 

Шинээр нэмэгдэх шүүгчийн цалин, нэмэгдэл-1.805.164.0

Шинээр нэмэгдэх захиргааны ажилтны цалин, нэмэгдэл, урамшуулал-880.390.8

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн томилолт, тээвэр, шатахууны зардал 151.395.4

Шаардлагатай тавилга, эд хогшил, бичиг хэргийн зардал-631.292.2

Бланк тамга тэмдэг, хаяг гэх мэт бусад зардал-41.709.5

Нийт 3.509.951.8 төгрөгийн зардал гарна. Ийм боловч эдгээр нь 2015 онд батлагдсан шүүхийн төсвийн хэмжээнд санхүүжигдэх боломжтой тул нэмэлт төсөв батлах шаардлагагүй аж.

 

Шүүхийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

 

Дээрх шинэчлэлүүд шүүхэд өрнөх боловч шүүхүүдийн үйл ажиллагаа тасалдахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг ШЕЗ-өөс мэдэгдсэн.

 

Шүүхүүдийн хувьд хэргийг шилжүүлэх асуудал харьцангуй бага гарах аж. Харин хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу одоо ажиллагаанд байгаа хэргүүдийг талуудын хүсэлтийг харгалзаад одоо байгаа шүүхэд шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв хэргийн оролцогч хүсэх юм бол шинэ харьяадлын дагуу шижлүүлэх боломжтой юм.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин