Өршөөлийн хуулийг хэлэлцүүлэх хүсэлт тавина
2015-06-29

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдлаа. Эвслийн бүлгийн хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай, Өршөөл үзүүлэх тухай болон Эрүүгийн хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаатай холбогдуулан зарим байгууллагуудын бүтэц, чиг үүрэг өөрчлөгдөж байгаа. Тиймээс тус хуулийн хүрээнд өөрчлөлт орж буй байгууллагуудын саналыг сонсох зорилгоор өнгөрсөн баасан гаригт “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Өнөөдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга болон бусад холбогдох байгууллагын төлөөллийг урьж мэдээлэл сонссон. Тагнуулын байгууллагад төрийн нууцтай холбоотой мэдээлэл байдаг тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.   Одоогоос гурван жилийн өмнө УИХ-ын 25 гишүүн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан уг хуулийн төслийг өнөөг хүртэл хэлэлцээгүй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Үүнтэй холбогдуулан “Шударга ёс” эсвлийн бүлгээс “Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэх дэгээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина уу. Хэрэв Засгийн газраас энэ чиглэлийн хуулийн төсөл өргөн барихгүй бол 25 гишүүний санаачилсан хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлэхээр тогтлоо хэмээн мэдээлэв.

 

Өнгөрсөн долоо хоног чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэх үед МАН-ын бүлэг завсарлага авсан. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан МҮЭХ, АОЭНХ болон МҮХАҮТ зэрэг байгууллагаас гишүүдэд албан бичиг ирүүлсэн байна. Албан бичигт, Эрүүгийн тухай хуулийн төсөлд тусгасан Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тухай зарим заалт хуулийн этгээдийн өмч хөрөнгийг хураах, торгох ял оноох нь бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлнө гэсэн байжээ.  Энэ нь татвараас зайлсхийх, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжийг торгох, өмч хураах нь ялыг хэт хүндрүүлсэн заалт байна гэж үзсэн байна. Тиймээс эвслийн бүлгийн гишүүд энэ талаар чуулганы хуралдааны үеэр асууж тодруулахаар болжээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин