Иргэдийнхээ амийг нэхэхээ амлав
2015-06-30

 

Тунисийн Сус хотноо байрлах амралтын газар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Сейфеддине Резгуй гэгч халдлага үйлдэж, 38 хүний аминд хүрсэн юм. Амиа алдсан хүмүүсийн 30 нь Их Британийн иргэд байсан билээ. Энэхүү халдлагын дараа Тунис даяар онц байдал зарлажээ. Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өчигдөр “Халифын вант улс” бүлэглэлд хандаж мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр “Гэмгүй иргэдийг минь хохироосон та бүхэн зохих ёсныхоо хариуцлагыг хүлээх ёстой. Их Британи улс өнөөдрөөс эхэлж хэт даврагчидтай хэлэлцээр хийж, буулт хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн харамсалтайгаар амиа алдсан иргэдийнхээ амийг тун удахгүй нэхэн Иракт цохилт өгч, хариуг нь барих болно” гэж хэлжээ.

 

Тунисийн Засгийн газар амиа алдсан иргэдийн гэр бүлд нөхөн төлбөр олгох эсэх асуудлаар ярилцаж байгаа бөгөөд ирэх сарын 4-ийг хүртэл жуулчдыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ. Энэ амралын өдөр болсон халдлагын дараа хэт даврагчид Тунист дараалласан халдлага үйлдэхээ сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин