“Хавдрын эсрэг үндэсний аян” 12 аймаг 2 суманд явагдлаа
2015-06-30

 

ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ) хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 5 дахь жилдээ зохион байгуулахаар болж, хэрэгжүүлэгч талууд өнгөрөгч 02-р сарын  04-ний өдөр буюу “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн билээ. 

 

 

2015 оны 05-р сарын 05-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод нээлтээ хийсэн энэхүү аян Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай, Архангай, Сүхбаатар, Говь-Алтай, Ховд, Архангай аймгийн Хангай сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад хуваарийн дагуу үргэлжлэн амжилттай хэрэгжсэн юм. Аян сүүлийн аймаг болох Увс аймгийн Улаангом хотод 06-р сарын 22-28-ны өдрүүдэд амжилттай хэрэгжиж, орон нутгийн үзлэг оношилгооны хаалтын ажиллагааг “Зонхилон тохиолдох хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломж” сэдэвт Эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, хэлэлцүүлэгээр өндөрлүүллээ.

 

 

Аяны хаалтын үйл ажиллагаанд Улаангом хотын Засаг даргын орлогч Б.Цэцээ, ИТХ-ын дарга Ч.Чимэд, ЭМСЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Баяр, ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, дэд захирал С.Хүрэлсүх, ХААН Банкны Баруун бүсийн иргэдийн банкны захирал Ч.Батсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Б.Дулмаа, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл, ХААН Банкны Увс салбарын ажилтнууд, аймаг сумдын эмнэлгийн эмч ажилтнууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.    

 

 

Орон нутагт аян хэрэгжүүлэх эмч нарын баг бүрэлдэхүүн нэг аймагт 5 хоногийн хугацаанд ажиллаж байгаа юм. Эдгээр өдрүүдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулах, хорт хавдрын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг орон нутагт сайжруулах гэсэн үндсэн зорилтынхоо хүрээнд ажиллалаа. Аяны үр дүнгээс дурьдвал, эдгээр 12аймаг, 2 сумын хэмжээнд нийт 22,900  иргэнийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулснаас хавдрын урьтал-2,068, хоргүй болон хортой хавдар-1,663 бусад өвчлөл-10,144 илрүүлж, 1,468 эд эсийн шинжилгээ авсан байна.

               

 

Аяны үеэр ХСҮТ-ийн эмч нар хавдраар өвчилсөн 85 хүнд орон нутагт нь мэс засал хийж аймгийн мэс заслын эмч нарыг ажлын байран дээр нь ур чадварыг нь нэмэгдүүллээ. Ийнхүү хавдрын мэс заслын тусламжийг орон нутагт үзүүлсэн нь хавдрын нарийн мэргэжлийн тусламжийг иргэдэд ойртуулсан арга хэмжээ боллоо.

 

 

Хавдрын өвчлөл орон нутагт өндөр байгаа энэ үед “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 5  жилийн турш шат дараатайгаар зохион байгуулсан нь хавдрыг хожуу үе шатанд шилжихээс урьтаж оношлон бүрэн эмчлэх, иргэдийг санхүүгийн болон сэтгэл санааны дарамтанд оруулахгүй байх боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой юм.

 

 

ХААН Банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд аянг санхүүжүүлэхэд 720 гаруй сая төгрөг зориулснаас гадна ажилтнуудаараа дамжуулан олон нийтэд хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээж, ард иргэдийн эрүүл мэндийн мэдлэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Энэ хугацаанд ХААН Банкны 1941 ажилтан эрүүл мэндийн сайн дурын ажилтнаар бэлтгэгджээ.  

 

 

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд хамгийн их ачааллыг үүрч, иргэдийг үзлэг оношлогоонд хамруулах гол ажлыг гүйцэтгэж буй ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн сэтгэгдлээс хуваалцлаа.

 

 

Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Э.Амарсанаа:

 

 

  • Та “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд орон нутагт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Таны бодлоор энэ жилийн хувьд аян ямар онцлогтой байв?

 

 

Миний хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян” эхэлсэн цагаас хойш 5 жил хөдөө орон нутагт үзлэг шинжилгээ, сургалт ба мэс засал хийж байна. Энэ жилийн тухайд хагалгаа, мэс заслын баг нэмэлтээр ажиллуулахаар сонгосон аймгуудын нэг болох Өмнөговь аймагт манай баг ажилласан. Өмнөговь аймагт бид үзлэг шинжилгээ хийхээс гадна орон нутгийн эмч нартай хамтран тухайн үед оношлогдсон хорт хавдартай ба хавдрын урьдал эмгэгтэй хүмүүст том жижиг 26 мэс заслыг хийж гүйцэтгэсэн байна.

 

 

  • Хүмүүст хорт хавдар өвчин гэдэг ойлголт хүнд тусч эмчлэгдэх боломжгүй гэсэн эхний сэтгэгдэл төрдөг үе байсан. Аяныг хэрэгжүүлсэн сүүлийн жилүүдэд энэ ойлголт хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа бол?

 

 

Аль ч эрхтний хавдрыг эрт үе шатанд илрүүлсэн тохиолдолд эмчилгээний үр дүн сайн байна. Сүүлийн 5 жил Хавдрын эсрэг үндэсний аян хэрэгжсэнтэй холбоотой хорт хавдар эрт үе шатандаа оношлогдох хандлага ажиглагдах болсон. Энэ нь аяны хүрээнд хийсэн үзлэг шинжилгээнээс гадна тухайн орон нутгийн эмч нарын ур чадвар сайжирсантай холбоотой.

 

 

Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн Ангиографийн их эмч, Анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулган:

 

 

  • Манай хүн амын дунд ямар төрлийн хорт хавдар илүү давамгайлж байгаа вэ? хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс юу байдаг вэ?

 

 

Манай улсын хүн амд ихэнхдээ хоол боловсруулах ба амьсгалын замын эрхтнүүдийн хорт хавдар зонхилон тохиолдож байна. Гэвч энэ нь эрэгтэй, эмэгтэй хүйсэнд харилцан адилгүй байдаг. Зонхилон тохиолдох хорт хавдрыг бид эрхтэн тус бүрээр нь дугаарлаж үздэг. Тухайлбал аль ч хүйсэнд их тохиолддог эрхтний хавдарт элэг, ходоод, улаан хоолой, уушиг гэх мэт эрхтний хавдрууд орно. Элэгний хорт хавдар үүсгэх шалтгаан бол элэгний B, C вирус болон архи байдаг.

 

 

  • Манай улсын хэмжээнд одоогоор хэдэн хүн хавдрын оноштойгоор эмчилгээ хийлгэж байна вэ. Жилд мөн хэдэн хүн ХСҮТ-д ханддаг вэ?

 

 

Манай тасгийн хувьд жилдээ дунджаар 2500 гаруй иргэд амбулаториор үзүүлж, мэс засал болон мэс заслын бус эмчилгээг жилд дунджаар 800-900 хүнд хийж үйлчилж байна. Гол нь эрт үе шатандаа оношлогдож буй хувь маш бага буюу 15-20% нь (1-2 үе шат), бусад нь хожуу үе шатандаа оношлогдож байна.

 

 

Толгой хүзүүний мэс заслын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, Анагаах ухааны магистр Г.Пүрэвдорж:

 

 

  • Та “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд орон нутагт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Энэ жилийн хувьд аян ямар онцлогтой байв?

 

 

“Хавдрын эсрэг үндэсний аян” хэрэгжиж эхэлсэнээс 5 жил энэ аянд явж байна. Энэ жил Говь-Алтай аймагт ажиллалаа. Говь-Алтай аймагт ажиллахдаа манай баг нийт 2345 иргэнийг үзлэг оношлогоонд хамруулж толгой хүзүүний байрлалтай болон элэг цөс нойр булчирхайн гаралтай 9 мэс засал хийлээ.Энэ жил хөдөө сумдын иргэдээ үзлэгт түлхүү оролцуулснаараа онцлог байлаа. Ингэснээр хорт хавдрын 14 тохиолдол шинээрилэрлээ.

 

 

 “Хавдрын эсрэг үндэсний аян-2015”-ын орон нутаг дахь үзлэг оншилгооны хаалтыг тохиолдуулан 2015 оны 6-р сарын 24-нд Зонхилон тохиолдох хорт хавдраас сэргийлэх боломж сэдэвт онол практикийн бага хурал зохион байгууллаа. Бага хуралд  Хавдар судлалын үндэсний төв, ХААН Банк, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч  нар илтгэл тавьж, хавдрын өвчлөл тархалтын байдал, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний арга барилын талаар улсын болон Увс аймгийн түвшинд хийгдсэн судалгаа шинжилгээг тайлагнан, цаашид хавдраас урьдчилан сэргийлэх тал дээр авч хэрэгжүүлэх арга замын талаар нээлттэй хэлэлцлээ. 

 

 

Хүн ардын эрүүл мэнд, хавдаргүй эрүүл амьдралын төлөө 5 жилийн турш тууштай хичээл зүтгэл гарган ажиллаж буй ХСҮТ, ХААН Банк, МҮОНРТ-ийн үйл хэргийг ЭМСЯ, аймгийн ЗДТГ, ИТХТ, Нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн газраас шат шатны дэмжлэг үзүүлэн, уялдаа холбоотой ажилладаг нь аян үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжих нөхцлийг бүрдүүлж байна.

 

Shuud.mn
Сонин хачин