Индонезийн ”Хар өдөр”
2015-07-01

Индонезийн армийн “Hercules C-130” онгоц Самарта арлын Медан хотоос Натуна арал руу хөөрч байхдаа орон сууцны барилга мөргөжээ. Ослын улмаас 100 гаруй хүн амиа алдаад байна. Багийн 12 гишүүнээс гадна онгоцонд 101 зорчигч явсан хэмээн албаныхан мэдээлжээ. Онгоц байшинг мөргөж унасны дараа гал гарчээ. Аврагчид багийн зургаан гишүүн болон 67 зорчигчийн цогцсыг гаргаж аваад  байна.  

Өнгөрсөн нэгдүгээр сард “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоц Сингапурт хүрэхээр явж байхдаа Индонезийн Ява тэнгист осолдож, 116 хүн амиа алдсан билээ. Индонезид 2005-2015 оны хооронд зөвхөн онгоцны ослоор 814 хүн амиа алджээ.

 Олон улсын анхаарлын татаад буй “Hercules C-130” осолтой холбоотой мэдээллүүдийг хүргэж байна.

 

 

Зорчигчдын тоо тодорхойгүй байна

 

Ослын газар эхэлж ирсэн Индонезийн нисэх хүчний дарга Агус Суприатна “Jakarta” телевизэд ярихдаа “Онгоцонд багийн 12 гишүүнээс гадна 101 зорчигч зорчиж явсан.  Зорчигчдын ихэнх нь цэргийн албан хаагчдын гэр бүл байсан” гэж ярьжээ. “Hercules C-130” онгоц техникийн доголдлын улмаас бааз руугаа буцаж байхдаа осолдсон байна.  Онгоцны аль хэсэгт доголдол үүссэн нь тодорхойгүй байгаа бөгөөд “Hercules C-130”-ийг 1964 онд АНУ үйлдвэрлэж байжээ. Гэхдээ гэрчүүдийн мэдээлснээр онгоцонд нийт 125 хүн зорчиж явсан гэжээ.  

 

Хоёрхон минутын хөөрөлт

 

“Hercules C-130” онгоц хөөрөөд хоёрхон минутын дараа осолдсон байна. Онгоцны ахмад техникийн доголдол үүссэн тухайгаа бааздаа мэдэгдэж, чиглэлээ Бунгуран цэргийн бааз руу өөрчилсөн байна. Харамсалтай нь онгоц Медан хотоос 5 км-ийн цаана байрлах орон сууцны барилгыг мөргөжээ.

 

Хохирогчдын тоог нууцлав

 

Онгоцны мөргөсөн барилгын нэг давхарт зочид буудал үйл ажиллагаа явуулдаг байжээ. Харин хоёр давхарт нь  хэд хэдэн айл амьдардаг байжээ. Албаныхан онгоцны зорчигчдын мэдээллийг хэвлэлийнхнээс нуухгүй байгаа. Харин онгоц осолдох үед барилгад хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд амиа алдсан иргэд цөөнгүй байгаа хэмээн гэрчүүд мэдээлжээ. Индонезийн нисэх хүчний дарга Агус Суприатна барилга дотор хэдэн хүн байсныг мэдэхгүй байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгдэж “Онгоцны ослоор 100 гаруй хүн амиа алдсан. Гэнэтийн ослоор амиа алдсан иргэдийг тоог гаргахаар ажиллаж байна. Мэдээж хэрэг онгоц барилга мөргөх үед тэр барилга дотор ганц ч хүн байгаагүй гэдэг нь худлаа” гэж хэлжээ.

 

Ослын шалтгаан тодорхойгүй

 

Онгоц хөөрөөд хоёр минутын дараа осолдсон. Ахмад онгоцонд техникийн доголдол үүссэн тухайгаа бааздаа мэдэгдсэн нь тодорхой болжээ. Онгоцны аль хэсэгт доголдол үүсч, улмаар осолдох шалтгаан болсон нь тодорхойгүй байна. “Hercules C-130”-ийг 1964 онд үйлдвэрлэсэн. Онгоцыг хамгийн ихдээ 20-25 жил ашиглах боломжтой байдаг гэнэ.  Цагдаагийнхан осолдсон онгоцыг хамгийн сүүлд техникийн бүрэн бүтэн байдлыг нь шалгасан техникчдийг баривчилж эхэлжээ.  2008 онд тус онгоц ослын буулт хийж байсан аж. Мөн өнгөрсөн жил ард дугуй нь нээгдэхгүй байсан учир засварт орсон байна.

 

Ерөнхийлөгч үүрэг өглөө

 

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо онгоцны ослын шалтгааныг хурдан олохыг албаныханд үүрэг болгожээ. Тэрбээр ослын газар очиж, танилцах аж. Ерөнхийлөгч твиттертээ “Үнэхээр харамсалтай. Индонезчууд бидний хувьд өнөөдөр хар өдөр боллоо” гэж жиргэжээ.

 

Онгоцны ослоор Индонез тэргүүлэв

 

Индонез онгоцны ослоор дэлхийд тэргүүллээ. Тус улсын 800 гаруй иргэн  2005-2015 оны хооронд онгоцны ослоор амиа алджээ.

 

1997 оны есдүгээр сард “Garuda Indonesia” компанийн “Airbus A300” онгоц осолдож, 234 хүн амиа алдсан юм. Энэхүү ослоос таван сарын дараа орон нутгийн “SilkAir” компанийн онгоц осолдож, 104 хүн амь эрсэджээ.  2005 оны есдүгээр сарын 29-нд “Mandala Airline” компанийн онгоц осолдож 45 хүн амиа алдсан бол  2007 оны нэгдүгээр сарын 11-нд Индонезийн агаарын тээврийн  “Adam Air”  компанийн онгоц осолдож 104 хүн амиа алджээ. 2012 оны тавдугаар сард “Сухой Супержет-100” онгоц Жакартагаас холгүй осолдож 45 хүн амиа алдсан юм.  2013 оны дөрөвдүгээр сарын 17-нд Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн “737-800” онгоц осолдсон юм. Азаар 108 зорчигч бүгд амьд үлдэж, 25 хүн гэмтжээ.  Өнгөрсөн нэгдүгээр сард “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоц Сингапурт хүрэхээр явж байхдаа Ява тэнгист осолдож, 116 хүн амиа алдсан билээ.
 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
сэтгэлжээ:
Гадаадын олон хүнийг нэг дор цаазаар авсан даа, Индонез улс. Цаазлуулсан хүмүүсийн улс орных нь удирдагчид, тэр ч байтугай Бан Ги Мүүн хүртэл цаазлахгүй байхыг гуйсан шүү дээ. Гэтэл үүнийг огт тоогоогүй буудаад алчихсан. Буудуулсан хүмүүсийн сүнс гэж айхтар юм бгаа даа.
2015-07-01