Баруун бүсийн хүүхдүүд чуулжээ
2015-07-01

Завхан аймгийн Даян-Очир зусланд "Баруун Монголын хүүхдүүд" III чуулган амжилттай болжээ.

 

Баруун бүсийн хүүхдийн оролцооны байгууллага болон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн ажилчдын туршлага солилцох анхдугаар зөвлөгөөнд 100 гаруй төлөөлөгч оролцож гурван өдөр чуулсан байна.

 

Хүүхдийн хөгжил төлөвшил, хамгаалалд чиглэсэн үндэсний болон бүс нутгийн, орон нутгийн олон хөтөлбөр, төслүүд баруун бүс нутагт хэрэгжиж, тодорхой үр дүнгээ өгч байна. 
Энэхүү хөтөлбөрүүдийн үр дүнд бий болсон шинэлэг арга зүй, сайн туршлагыг бүс нутгийн төдийгүй үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, нөгөө талаас удирдлага, зохион байгуулалтын шинэ гарц, арга зүйг тодорхойлох, хүрсэн үр дүнгээ ахиулах хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэхүү зөвлөлгөөнийг зохион байгуулжээ.

 

Тиймээс Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүссэний 90 жилийн ойг баруун бүсийн хэмжээнд бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэх, сайн туршлагыг харилцан солилцох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг Завхан аймаг зохион байгуулжээ.

 

Баруун монголын хүүхдүүд III чуулганд оролцогчид аймаг тус бүр “Хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллыг сайжруулах чиглэлээр орон нутагт хэрэгжүүлсэн шинэ, шинэлэг ажлууд, сайн туршлага, хүрсэн үр дүн”-гээ бусаддаа тайлагнажээ.

 

Мөн хүүхдийн оролцооны байгууллагын сайн туршлага, үр дүнг илэрхийлэн харуулсан зурагт хуудасаар үзэсгэлэн гаргаж аймаг бүрийн төлөөлөгчид хүүхэд хамгааллын чиглэлээр жүжигчилсэн тоглолтыг үзүүлж сонирхуулсан байна.

 

Чуулганд оролцогч 60 гаруй хүүхэд багачууд “Эх орон-36” хүүхэд, хөгжлийн өртөөчилсөн хөтөлбөрт хамрагдаж, арга зүйд суралцсан байна. Энэхүү чуулганыг зохион байгуулснаар “Хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг” санаачлагын үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгжилтийг хангах, баруун бүс нутгийн төдийгүй хангайн бүсийн аймгууд ажлын сайн туршлага, шинэлэг санаагаа солилцож, ажлын үр дүнд ахиц гарах, аймгуудын сайн туршлагыг баруун бүс нутагт түгээн дэлгэрүүлэх, ХОБ-ын үйл ажиллагааны цар хүрээ, чанар хүртээмжийг дээшлүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна. 

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин