Ч.Сосормаа: Монголчууд 2016 оны зуны олимп үзэхдээ виз авах шаардлагагүй болно
2015-07-02

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормааг “Элчин сайд ярьж байна” буландаа урьж цахимаар ярилцлаа.

 

-Таныг Төрийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байгаад Элчин сайдаар томи­логдсоныг мэднэ. Дип­ломат албанд хэр дасаж байна вэ. Шинэ яам­ны шинэ Элчин шүү дээ, та?

 

-Монгол Улс анх удаагаа ХБНБУ-д суух Элчин сайдын яамаа өнгөрсөн онд нээлээ. Бразил төдийгүй Өмнөд Америк тивд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын цорын ганц Элчин сайдын яам.

 

Анхны Элчин сайдын яамны анхны Элчин сайд байна гэдэг нэр хүндийн асуудал бөгөөд түүхэн үүрэг хариуцлага ногдож байгаа гэж ойлгож зүтгэж байгаа. Бид бүх ажлаа тэгээс эхэллээ. Ирээд зочид буудлаар амьдарч, такси хөлсөлж уулзалтад явдаг үеэ бодоход үйл ажиллагаа зүгшрээд гольдролдоо орлоо. Элчин сайдын яамны дүрэм, журмаа боловсруулах гээд дотоод ажлаа үндсэндээ цэгцэлсэн.

 

Монгол Улсаа болон Элчин сайдын яамаа нээснээ сурталчилсан хэд хэдэн ажил ч зохион байгуулчихлаа. Анхны Элчин сайдын яам учраас суугаа болон хавсран суугаа орныхоо талаар тал бүрийн мэдээллийг цуглуулж “мэдээллийн сан бүрдүүлэх” судлах, холбоо харилцаа тогтоох ажлуудыг голлож байна. Үрээ эртнээс суулгавал ургацаа удахгүй хураана шүү дээ. Дипломат алба бол төрийн тусгай алба. Монгол Улсынхаа нэр хүндийг суугаа орондоо өндөрт өргөж, дэг журам, хатуу сахилга бат, байнгын бэлэн байдалд ажиллах үүрэгтэй алба юм даа. Би амьдралдаа олон ажлын анхдагч байсан юм байна, эргээд бодоход. Сэтгэлээ өгч чадвал хурдан дасдаг. Одоо би дасах тухай биш харин бүтээх тухай л бодож байна.  

 

-Та Бразилд очоод хийж хэрэгжүүлсэн ажлаасаа товч дурдаач?

 

-Ирээд найман сар болсон байна. Бразил улс асар их боломжийн орон. Энэ тив улсыг хэзээ ч нээж дуусахгүй. Эргэн тойрон сайн туршлага, хамтрах боломж дүүрэн. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах чиглэлийг тэргүүлж байна. Бразилийн Уул уурхайн яамны нарийн бичгийн даргатай найрсаг уулзалт хийж хоёр орны уул уурхайн яамтай хамтын ажиллагаа тогтоож, сайдаа айлчлуулах талаар тохиролцлоо. Хоёр орны Хөдөө аж ахуйн яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу зөвлөлдөх уулзалтыг есдүгээр сард зохион байгуулахаар боллоо. Боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах бэлтгэл ажлаа хангаад товоо хүлээж байна. Тун удахгүй хоёр орны иргэдийг богино хугацаанд харилцан визнээс чөлөөлөх нот солилцох гэж байна. 2016 оны Зуны олимп үзэхээр ирэхдээ монголчууд виз авах шаардлагагүй болно. Хоёр орны Дипломат академи хооронд хамтран ажиллах, оюутан сургах талаар тохироод байна.

 

Бразилийн Үндэсний Конгресс дээд ба доод гэсэн хоёр танхимтай. Дээд танхимд Монгол-Бразилийн найрамдлын бүлгийг байгуулах талаар Конгрессын тэргүүн дэд дарга Жорж Вианатай уулзаж дэмжлэг авсан. Олонд нэр хүндтэй энэ улстөрч өөрөө гар бие оролцож тус бүлгийг байгуулна гэдгээ илэрхийлсэн. Доод танхимд байгуулагдсан бүлгийг шинэчилж байгаа. Хоёр танхимд Монгол-Бразилийн найрамдлын бүлэгтэй болсноор хоёр орны хамтын үйл ажиллагаа улам эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна.

 

-Таны өдөр тутмын ажлыг Элчин сайдын яамны цахим хуудаснаас байнга авч мэдээлэл үздэг. Саяхан л гэхэд Монгол-Бразилийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын гэрээг шууд байгуулах замаар хамтран ажиллахаар тохиролцсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

 

-Бразил улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийн дэвжээнд долдугаар байрт явна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, нийлүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт орж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн том хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч орон. Кофейны экпортоороо сүүлийн 150 жил тэргүүлж байна. Шар буурцаг, эрдэнэ шиш, чихрийн нишингэ, хөвөн тариалалтаараа дээгүүрт ордог орон.

 

Махны экпортоор дэлхийд хоёрдугаарт ордог. 2014 онд гэхэд 209 сая үхэр тоолуулж, үхрийн махны экпортоороо 7.2 тэрбум ам.долларын орлого олсон байна. Бразил улс цаг уурын хувьд таатай учраас ургамал ногоо нь аяндаа ургаад, мал сүрэг нь өсөөд байдаг гэж гадныхан эндүүрэх талтай. Гэтэл Бразилийн төв нутаг Саванна 30 жилийн өмнө гэхэд үржил шим муутай хөрстэй, хүн ам цөөтэй, ядуу бүс нутаг байсан. Харин одоо улс орныхоо үр тарианы 50 хувийг тариалж байна. Мато Гроссо мужийн Вом Путура компани гэхэд л жилдээ гурван удаа нийлбэр дүнгээр 28 сая тонн ургац авдаг болжээ. Энэ бүх амжилтын ард “ЭМБРАПА” буюу Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагын гавьяа байгааг онцолмоор байна. Энэ байгууллага 15 төвтэй, 47 бүсийн эрдэм шинжилгээний салбартай, АНУ, Европ, Хятад, Солонгост олон улсын лаборатори нь ажилладаг. 2500 орчим судлаач эрдэмтэнтэй ба жилийн төсөв нь 2014 онд нэг тэрбум ам.доллар хүрсэн. ЭМБРАПА-д хөрөнгө оруулж байгаа нэг ам.доллар бүхэн 30 ам.доллар болж үр шимээ өгдөг гэсэн яриа бий. Үүний тод жишээ гэхэд сүүлийн жилүүдэд үхэр, гахайн махны гарцыг дөрөв, тахианы махны гарцыг 22 дахин нэмэгдүүлж чадсан байна. 

 

ЭМБРАПА-тай хамтарч ажиллах бол бахархал, нэр хүндийн асуудал. Монголын хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчдийг хүрэлцэн ирж туршлага судлахыг урьсан байгаа. Түүнчлэн шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг зурахад бэлэн байгаагаа ч илэрхийлсэн. Элчин сайдын яам энэ бүх үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно.

 

-Та хоёр орны ирээдүйн харилцааг ямар салбарт амжилттай болно гэж харж байна вэ?

 

-Элчин сайдын яам Бразилд үйл ажиллагаа явуулж Чили, Перу, Колумби, Аргентин улсыг хавсран суух болсон. Хавсран суух улсуудад удахгүй Итгэмжлэх жуух бичиг өргөн барина. Тэгэхээр өргөн утгаараа Монгол Улс ба Өмнөд Америкийн хоорондын харилцаа ямар салбарт түлхүү хөгжих тухай асуудал юм. Товчхондоо бүх салбарт амжилттай ажиллах боломжтой. Тэр дундаа уул уурхай, хөдөө аж ахуйн салбараар эдгээр улс орон баялаг туршлагатай. Жишээ нь Чили улс зэсийн баялгаас орох орлогоороо баялгийн сан байгуулсан. Эдийн засгаа солонгоруулж, нийгмийн баялгийн шударга хуваарилалтыг бий болгосноороо дэлхийд гайхагддаг.

 

Перу улс гэхэд гар аргаар уул уурхай ашиглах асуудлыг зохистой шийдвэрлэж, нутгийн иргэдтэй зөвшилцөх талаараа туршлага сайтай. Монголын төлөөлөгчид энэ асуудлаар Перуд ирж туршлага судлаад буцлаа. Элчин сайдын яамны зүгээс  Перугийн Засгийн газрын дэргэд ажилладаг уул уурхайн асуудлаар зөвшилцөх “Үндэсний танхим”-ын удирдлагатай уулзуулах ажлыг зохион байгууллаа. Энэ танхим нь уул уурхайн асуудлаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл зөвшилцөж, хамтын шийдвэр гаргах үйл явцыг дэмжин ажилладаг ардчиллын механизм юм. Түүнчлэн Перу улс төмсний төрөлх эх орон. Тэнд 3000 гаруй сортын төмс байдаг ба хүйтэнд тэсвэртэй төмсөөрөө алдартай. Бид Сэлэнгэ аймгийн удирдлагыг энэ төвд зочлохыг уриад байгаа. Аргентин, Колумби улстай мөн хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, соёл урлаг, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байна.

 

-Таныг иргэдийн оролцоо, сайн засаглал, төрийн албаны шинэчлэлийн чиглэлээр өмнө нь ажиллаж номоо хэвлүүлж байсныг мэднэ. Энэ чиглэлээр ямар сайн туршлагууд байна вэ?

 

-Би очсон улс орныхоо ололт, амжилтыг түрүүлж харахыг хичээдэг. Бразил улс газар нутаг, хүн ам, эдийн засгаараа Монгол Улсаас хэд дахин том ч гэсэн хоёр орны хооронд ижил төстэй зүйл олон байгаа нь ажиглагддаг. Ялангуяа иргэдийн оролцоо,төсвийн ил тод байдал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар туршлага ихтэй. Тухайлбал, Порте Аллегра хот иргэдийн оролцоотой төсвөөрөө дэлхийд алдартай. Төсвөө иргэдийн оролцоотой баталдаг 25 жилийн туршлагатай энэ хотыг Улаанбаатар хоттой холбож ажиллах талаар бид хүсэлтээ илэрхийлээд байна.  СЕВРАЕ гэж бичил, жижиг үйлдвэрлэл эрхлэлтийг дэмждэг гайхалтай байгууллага байна. Бразил улсад 8.5 сая бичил болон жижиг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ба тэд нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 99 хувь бүрдүүлж, нийт үйлдвэрлэлийн 50 хувь , ажлын байрны 53 хувийг хангаж байдаг. Өөрөөр хэлбэл, улс орныхоо эдийн засагт гүйцэтгэх асар их үүрэгтэйг энэ тоо баримт харуулж байна. СЕВРАЕ анх 1972 онд Засгийн газрынхаа дэргэд байгуулагдан ажиллаж байгаад 1990 оноос ашгийн бус байгууллага болон бие даан ажиллаж байна. Одоо 7000 гаруй салбартай, 5000 гаруй бизнесийн зөвлөх, сургагч багштай үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болжээ. Хамгийн сонирхолтой нь энэ байгууллага том компаниудын орлогын албан татварын тодорхой хувиар санхүүждэг. Өөрөөр хэлбэл том компаниуд СЕВРАЕ –аар дамжуулан бичил болон жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нийгмийн хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлсэнээрээ сайн туршлага болсон. Бичил ба жижиг бизнес эрхлэлтийг дэмжих бол ядуурал, ажилгүйдлийг бууруулж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх хамгийн дөт зам. Тиймээс төрөөс дорвитой арга хэмжээ авч санхүүжилтийг нь хөгжлийн менежменттэй нь уялдуулан дэмжих хэрэгтэй юм байна. Эс бөгөөс хичнээн зээл өгсөн ч хөл дээрээ босч чадахгүй хялбархан дампуурдаг. Чухам тиймээс СЕВРАЕ бол бичил ба жижиг бизнесийн хөгжлийн “тархи” болж ажилладаг. Элчин сайдын яамнаас тус байгууллагыг Монголын талтай холбон ажиллаж байна. Монгол руу буцахдаа эдгээр орны сайн туршлагыг танилцуулсан ном хэвлүүлж олны хүртээл болгоно гэсэн бодолтой байгаа.

 

-Манайх хөлбөмбөгийн эх орон гэдэг Бразилаас сайн багш, дасгалжуулагч солилцох хүсэлт саяхан илгээсэн байсан. Ийм боломж хэр байна вэ?

 

-Өнгөрсөн тавдугаар сард Бразилийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч ноён Марко Поло Дэл Нейротой уулзаж, түүнд Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч  А.Ганбаатараас илгээсэн захидлыг гардуулан өгсөн. Энэ үеэр Бразилийн хөлбөмбөгийн арга техникийг Монголд нутагшуулах зорилгоор багш, дасгалжуулагч солилцох, багууд хооронд нөхөрсөг тоглолт зохиох талаар хүсэлтээ илэрхийлсэн. Хоёр орны хөлбөмбөгийн холбоод үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн эндэхийн хөлбөмбөгийн клубуудтэй уулзалт хийж байна. Тухайлбал, алдарт хөлбөмбөгч Зикогийн клубтэй хамтран ажиллахаар ярилцсан байгаа. Монголын дасгалжуулагч нарыг бэлтгэх боломж байгаагаа тэд илэрхийлсэн.

 

-2016 оны Рио дэ Жанейрогийн Зуны Олимпийн талаар та мэдээлэл өгөөч. Одоо бэлтгэл ажил ид өрнөж байгаа биз дээ?

 

-Бразилийн талаас өгч байгаа мэдээллийг бид цаг тухай бүрт нь Монголын талд дамжуулж байгаа. Зохион байгуулалтын үйл ажиллагаа Олимпийн хороогоор дамжин хэрэгжих учиртай юм байна. Тиймээс Элчин сайдын яамны хувьд дэмжин ажиллах болно. Монголын Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга З.Эрдэнэчимэг ирээд хэд хоног ажиллаад буцлаа. Бид Бразилийн Спортын яамтай уулзаж саяхан зурагдсан хоёр орны спортын салбарт хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг хангах зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар санал тавьсан. Мөн ЭМСЯ ба Флавио Канто Реасао жүдогийн дэвжээ хооронд Рио – 2016 Зуны Олимп, Параолимпийн тоглолтын үеэр Монгол Улсын жүдогийн шигшээ багийг тус дэвжээнд бэлтгэл хийлгэх тухай Санамж бичгийг байгууллаа. Намраас ЭМС-ын сайдыг ажлын айлчлал хийх байх хэмээн хүлээж байна.   

 

-Та энэ наадмаар эх орондоо ирэх үү. Эсвэл Бразил дахь монголчуудтайгаа наадах уу. Тэндэхийн монголчууд яаж наадамладаг бол?

 

-Энэ сарын эхээр эх орондоо очиж зөвлөлдөх уулзалтад оролцох чигтэй байгаа. Тиймээс наадмын үеэр эх орондоо байна. Бразилд 20 гаруй монгол оршин суудаг. Тэдний ихэнх нь циркийн жүжигчид байдаг тул нэг хотоос нөгөө хот руу нүүдэллэн тоглолтоо хийгээд явдаг. Одоохондоо хамтарч наадаж эхлээгүй л байна. Гэхдээ ихэнхтэй нь уулзаж танилцсан. Зарим нь энд ирээд 20 гаруй жил болсон, Элчин сайдын яамаа зориод нүдэндээ нулимстай орж ирдэг.

 

-Таныг ЭСЯ-ныхаа туршлагатай ажилчдыг халсан тухай таагүй мэдээ дуулдаж байсан. Үүнд ямар хариу өгөх вэ. Ер нь танай яам хэдэн ажилтантай, ямар чиг үүргээр ажилладаг тухай танилцуулна уу?

 

-Манай Элчин сайдын яам цомхон бүтэцтэй. Элчин сайд, гурван дипломат ажилтан, нэг жолоочтой үйл ажиллагаа явуулдаг. Манайд өмнө нь ЭСЯ-нд ажиллаж байсан туршлагатай дипломат байхгүй. Мөн португаль хэлтэй ажилтан томилогдоогүй. Бразил бол зөвхөн португаль хэлээр ярьдаг улс. Төрийн байгууллагын үйл ажиллагаа бусад Элчин сайдын яамны мэдээлэл бүгд португаль хэл дээр явагддаг онцлогтой. Элчин сайдад дипломат ажилтан томилох ба халах эрх байхгүй тул би португаль хэлтэй ажилтан томилж өгөх хүсэлтийг удаа дараа тавиад байна. ГХЯ-аас нааштай шийдэх байх гэж хүлээж байна.

 

Энэ дашрамд хэлэхэд ГХЯ-аас хүний нөөцийн бодлого боловсруулж ДТГ-аас санал авсныг би хувьдаа маш их талархан дэмжиж байгаа. Тухайлбал, шинээр байгуулагдсан ЭСЯ-нд зөвхөн туршлагатай дипломатыг томилох, дипломат ажилтан нь хоёроос доошгүй гадаад хэлийг хэлмэрчийн төвшинд эзэмшсэн байх, дипломат албан шалгалтаа өгч тэнцэж байж томилогдох зэрэг зарчмын асуудлууд тусгагдсан байна лээ. 

 

Бразилийн дипломат ажилтнуудыг бэлтгэдэг Рио Бранко академийн туршлагыг харахад маш өндөр шалгуураар шалгаруулалт явуулж мэдлэгийн “сор” болсон залуучуудаа сонгон сургаж дипломатуудаа бэлтгэдэг юм билээ. Хамгийн гол нь сонгон шалгаруулалт хараат бус, шударга байх нь чухал.  

 

-Эцэст нь та Бразил улсад зорчихыг хүссэн монголчууддаа хандаж зөвлөгөө хэлнэ үү? 

 

-Төгсгөлд нь хэлэхэд Бразил улс зорьсон хүнд тийм ч хол биш. Өнгөрсөн тавдугаар сард Сан Паолод болсон Дэлхийн бизнес эмэгтэйчүүдийн чуулганд 20 гаруй эмэгтэй ирж оролцлоо. Монгол Улс хамгийн олон тө­лөө­лөгчтэй улсаар нэр­лэгд­сэн. Төрийн бус байгууллагынхан зардлаа өөрсдөө босгоод ирж бай­гааг хараад баярласан шүү. Энэ наймдугаар сард Дэлхийн ур чадварын тэм­цээн Сан Паоло хотод болно. Манайхаас 20 шахуу төлөөлөгчидтэй баг ирэх төлөвтэй байгаа. Аравдугаар сард Палмас хотод Дэлхийн уугуул иргэдийн спортын анх­дугаар наадам зохион бай­гуулагдана. Орон бү­рээс 50 хүртэл төлөөлөгч оролцох эрхтэй. Монголоос том баг ирж нүүдэлчний ахуй соёл, наадмаа сурталчилна гэж хүлээж байна. Бразил руу ирэх монголчуудын тоо жил бүр нэмэгдсээр байна. Энд ирэх иргэддээ туслахдаа баяртай байх болно. ЭСЯ-ны үүд хаалга үргэлж нээлттэй шүү. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

М.ГАНЦЭЦЭГ

 
 
Shuud.mn
Сонин хачин
Хишигболо.:
Амжилт хүсьe.
2015-07-03
Ch.Baigalmaa:
Ajild ni amjilt husie!
2015-07-02
БЯМБАСАЙХАН:
ХАА БАЙСАН ТЭНД ЭСЯ НЭЭХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ ХАМАГ ТӨСӨВ ҮРЭЭД МУУСАЙН ЮМНУУД
2015-07-02
Зочин:
Сайхан мэдээ байна. 2 орны хамтын ажиллагааг улам батжуулах их үйлсэд нь өндөрөөс өндөр амилт хүсье. Манай Сосормаа сайд ч мундаг удирдагч эмэгтэйдээ ажлын их амжилт хүсье
2015-07-02
zochin:
chadaltai, daichin emegtei yumaa amjilt husie
2015-07-02
Баясаа:
Сосороодоо ажлын амжилт хүсье. Аливаа ажлыг эхэлсэн л бол гарцыг олж заавал эцсийг нь үздэг, бүх талаараа жинхэнэ лидер эмэгтэй дээ. Миний экс босс байлаа. Энэ хүнээс маш их зүйл сурсан, хүндэлж явдаг хүмүүсийн маань нэг байгаа юм.
2015-07-02
Зочин:
MONGOLCHUUD BUGD BRAZILD HARLAH YUM BAINADAA
2015-07-02
Зочин:
Энэ авгайн хэрэг юу болсон бэ Уг нь гайгүй чадалтай гэж бодож байсан юм
2015-07-02